Хадуурын чимээ

By erka | Maral | 2 Mar 2021


Хөгжил Трейд компанийг үүсгэн байгуулагч Х. Алтангэрэл бидний дунд өрнөсөн халуун яриа

1995 он

 

Хөгжил Трейд компани нь 1991 онд “Хөгжил ” ББХ компани нэртэйгээр үүсгэн байгуулагдаж 1996 онд шинэчлэгдсэн бүртгэлээр “Хөгжил Трейд“ ХХК болон өргөжиж худалдаа, үйлчилгээ,үйлдвэрлэлийн чиглэлээр 20 жил идэвхитэй үйл ажиллагаа явуулж байна.

Тус компани үйлдвэрлэлийн салбарт 2001 оноос анх удаа ”Ариун” нэрийн нойтон салфетка, ариун цэврийн цаас, рестораны ширээний салфетка зэрэг 40 гаруй нэр төрлийн ахуйн хэрэглээний бүтээгдэхүүн үйлдвэрлэж хэрэглэгч түмэндээ хүргэж байна.

 

 

- Ам нээвэл уушиг нээ гэж үг бий. Бас олны хүч оломгүй далай гэдэг. Хаяа нэг үзэл бодлоо уралдуулж байхад юу нь буруу гэж? Үнэндээ, саяхан л бид хүүхэд байлаа. Хурдхан том болохыг мөрөөднө. Гэтэл том болсон хойноо эргээд хүүхэд насаа мөрөөднө. Цаг хугацаа мөн ч хурдан өнгөрч байна шүү.

- Хутагтын дөрвөн үнэн гэж нэг ойлголт бий. Энэ бол бурханы шашны тулгуур болой. Үүнд нэгдүгээрт, зовлон ирэх нь үнэн, хоёрдугаарт, зовлон бүхэн өөрийн шалтгаантай нь үнэн, гуравдугаарт, зовлонгоос ангижрах арга зам олдох нь үнэн, дөрөвдүгээрт, зорьсон үйлээ бүтээх боломж олдох нь үнэн. Хүний зовлон барагдахгүй. Гэхдээ бүх зовлонг гурван том бүлэг болгон хувааж болно. Нэгдүгээрт, өвдөлт. Энэ бол биеийн зовлон. Эндээс үгүйсгэх үзэл урган гарна. Хоёрдугаарт, сайн сайхны мэдрэмж ба үүнээс улбаатай сэтгэл үл ханах зовлон. Энэ бол сэтгэлийн зовлон. Эндээс үгүйлэх үзэл урган гарна. Гуравдугаарт, гачлан гэж нэрлэдэг ахуйн шинжтэй зовлон. Эндээс ялгаварлах үзэл урган гарна. Нэг ёсондоо, үгүйсгэх үзэл, үгүйлэх үзэл, ялгаварлах үзэл гэсэн ийм хэдхэн үзлээс бидний хамаг зовлон урган гарч байна. Үзэл гэдэг маань итгэл үнэмшил маягтай зүйл. Тэгэхлээр зовлон гэдэг нь харьцангуй зүйл ажээ. Их сэтгэгч Кантын бодлоор, үгүйсгэх үзэл гэдэг нь адгуусны шинж, үгүйлэх үзэл нь хүмүүний шинж, харин үл ялгаварлах үзэл нь хувилгааны шинж ажээ. Ингэхдээ хүн бүрт эдгээр гурван шинж их, бага ямар нэгэн хэмжээгээр байдаг байна. Жишээ нь би нигүүлсэх үзэл өрнөдийн бизнест хэрхэн нэвтэрсэн тухай цухас дурдсан. Зарим хүмүүс үүнийг чөлөөт өрсөлдөөнийг үгүйсгэсэн санаа хэмээн ойлгож магадгүй. Ухаандаа, чөлөөт өрсөлдөөн бол хүний ёсноос гажсан бурангуй үзэгдэл, тиймээс зах зээлд төр оролцож ухаалаг, хүн ёсны зохицуулалт хийх ёстой гэх мэт. Энэ бол үгүйсгэх үзлийн нэг жишээ. Чөлөөт өрсөлдөөн буруу л бол ийм өрсөлдөөнөөс төрийн хүчээр зайлсхийх ёстой гэсэн санаа цухалзаж байна. Үнэн хэрэгтээ, энд чөлөөт өрсөлдөөн буруу гэж хэн ч хэлээгүй. Харин тоглоомын дүрэм боловсронгуй бус байна, тиймээс чөлөөт өрсөлдөөний тоглоомын дүрмийг илүү сайжруулах хэрэгтэй гэсэн санааг  фон Нейман дэвшүүлсэн. Энд төр ямар ч хамаагүй. Компанийн нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх тухай яригдаж байна шүү дээ. Уг нь монголчууд бидэнд нүдний хор гэсэн ойлголт байдаг. Залуу хүмүүс өнгө, үзэмж, хэлбэр хөөцөлддөг тэр авирыг хэлж байна. Бусдын анхаарлыг өөртөө татах гэсэн өрсөлдөөн юмуу даа. Үүнийхээ төлөө юугаа ч хайрлахгүй тэмцэхэд бэлэн байдаг. Энэ бол адгууслаг гэхүү амьтанлаг гэх үү тийм чанар. Энэ бол хөгжлийн эхний шат. Дараагийн шат бол хүн болох үе шат. Мөнхийн нөхөр юмуу дайсан гэж үгүй, харин мөнхийн эрх ашиг гэж бий гэсэн прагматик үе шат. Чанар, чансааны төлөө өрсөлдөөн өрнөнө. Энэ үед нүдний хор арилна. Зөв, буруугийн хойноос хөөцөлдөхөө болино. Жинхэнэ сэтгэлийн хат сорино. Сайн, мууг ялгадаг болно. Элдэв арга мэхэнд суралцна. Тэсч үлдэхийн тулд шүү дээ. Дараагийн шат бол мөнхийн хутгийг олохын төлөө тэмцлийн шат. Энэ үед сэтгэлийн хор гээч зүйл арилна. Сайн, муугийн хойноос хөөцөлдөхөө болино. Үнэн, худлыг дэнслэх цаг. Хорвоогийн хоосон чанарыг таньж эхэлнэ. Юу бодитой, юу бодитой бус болохыг эргэцүүлнэ. Яг нарийндаа, хорвоогийн хэмжээс гэдэг зүйл бол хуурамч зүйл. Их бага, олон цөөн, том жижиг, урт богино, хурдан удаан, хүчтэй хүчгүй гээд энэ бүх хэмжээснүүд бид л ялгаж ангилж хараад байгаагаас бус байгальд бол энэ бүх хэмжээснүүд хоорондоо ямар ч ялгаагүй.                

- Би наймдугаар ангиа төгсөөд техниккумд орсон. Цаашдаа явцгүй гэсэн хүүхдүүдийг ийм маягаар сургуулиас холдуулдаг байв шүү дээ. Харин би сургуулиа улаан дипломтой төгсөж билээ. Дээд тоо бодохдоо бас муугүй. Тэгэхлээр миний толгой тийм ч хоосон биш болов уу. Цаг үеээ муухан мэдрээд байна. Сүүлийн үед бренд гэх үг нэлээд газар авлаа. Энэ талаар ямар санаа оноо байна?

- Дуудах нэрийг эцэг эх хайрлана, дуудуулах алдрыг ард түмэн хайрлана гэсэн үг байдаг санагдана. Монголчууд өөр хоорондоо мэндлэхдээ таны алдар хэн бэ хэмээн тодотгож асуудаг. Бренд бол алдар гэдэгтэй төстэй ойлголт. Би энд нэг түүх ярьвал сонирхолтой байж мэднэ. ЗХУ-ын үед Сибирийн нэгэн хотод, миний санахад, Чита хотын хавьцаа хар үнэгний аж ахуй байгуулжээ. Арьс нь гялалзсан сортой, тансаг зэрэглэлийнх. Нэг эвгүй асуудал гэвэл хар үнэг нэлээд догшин, хүний бараа хармагцаа шууд довтолно. Үүнийг хэрхэн өөрчлөх вэ гэдэг асуултыг амьтан судлаачид өмнөө тавьжээ. Ингээд нэг гарц олсон байна. 100 төрөлт тутмаас 1-2 хар үнэг хүнээс айхгүй, хүнтэй найрсах хандлагатай болохыг олж тогтоожээ. Ингээд хүнд ээлтэй гаварнуудыг тусад нь ялгаж аж ахуй маягийн зүйл байгуулав. Ийм үнэгнээс төрсөн гаварнууд нь ямагт хүнд ээлтэй зан авиртай болон өсч торниж байв. Удалгүй шинэ үүлдрийн үнэгний гадаад төрх, бие галбир өөрчлөгдөж эхлэв. Нөгөө айхтар соёо, араа шүд, хурц хумс нь алга болж бие нь жижгирч сүүл нь нарийссан байна. Бараг л гэрийн тэжээвэр муур маягийн амьтан болжээ. Энэ бол адгуус хүн хоёр ижилссэн сонгодог жишээ. Хүн бол гаднах төрхөөрөө араатантай огтхон ч төсгүй, харин гэрийн тэжээвэр амьтантай нэлээд төстэй амьтан шүү дээ. Итгэлцэл бий болсны ачаар араатан хүртэл өөрчлөгдөн, нэг ёсондоо гэгээрч чадаж байна.  Энэ тэнгэрлэг жишээг нийгмийн амьдралын бодит хөрсөн дээр буулгаж бас болно. Жишээлбэл, Сингапур улсын туршлага. Ер нь гааль, татвар, хяналт шалгалтын байгуулага бол нэг төрлийн араатан бөлгөө. Яаж ч мэдэх нэг л эвгүй газар. Араа, шүд, соёо, хурц хумс гээд юм бүхэн бий. Гэтэл Сингапур улс энэ асуудалд маш шинэлэг дэвшилтэт санаа нэвтрүүлсэн байна. Тодорхой шалгуур давсан компаниуд гаалийн бүрдүүлэлт, татвар, хяналт шалгалт мэтийн хөндлөнгийн байгууллагуудаас хийдэг ажлуудыг өөрсдөө бие даан хийх эрхтэй болдог болжээ. Ингэснээр асар их зардал, цаг хугацаа хэмнэх боломжтой болсон байна. Хөгжил бол хурд шүү дээ. Итгэл бий болсноор хурд бий болжээ. Бренд бол цаг хугацаагаар хэмжигдэх, итгэл даах чадвар маягийн зүйл. Өнөөдөр нэг гавъяа байгуулаад маргааш нь шууд бренд болно гэсэн ойлголт байхгүй. Тийм болохоор бренд бий болгоно гэдэг нь асар их тэвчээр, зардал, цаг хугацаа, бас ур чадвар шаардах бөлгөө. Хөгжиж буй орнуудын тавьдаг хамгийн нийтлэг гомдол нь брендтэй холбоотой байдаг. Яг адилхан материалаар, яг адилхан технологиор бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ. Гэтэл яаж байна? Яг адилхан чанартай, хямдхан үнэтэй хэрнээ манай үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнүүд зах зээлд борлогдохгүй байна. Гэтэл брендийн бараа бүтээгдэхүүнүүд дэлхий даяар борлогдож байна. Яагаад? Бидний ялгаа юунд байна? Зөвхөн нэрний л асуудал. Энэ бол шударга бус харилцаа. Үүнээс болоод бид хөгжихгүй байна гэсэн гомдлыг хөгжиж буй олон орны эрдэмтэн мэргэд, улс төрчид хэлдэг. Өөрөөр хэлбэл, нийгмийн баялаг гэх уламжлалт ойлголт өөрчлөгдөж байна. Хөгжлийг материаллаг эд зүйлээр төсөөлж баримжаалах нь цаг үеийн шаардлагаас хоцорч байна. Үүнийг ойлгож мэдрэх нь чухал болов уу.

- Хар пиар гэж юу вэ? Хэдийчинээ муулуулна төдийчинээ мандаад байгаа юм биш үү? Монголын нөхцөлд муу нэр зүүнэ гэдэг нь нэр төрийн хэрэг гэлтэй.

- Айсан хүнд аргал хөдөлнө гэж үг бий. Хүн мэддэг зүйлээсээ айдаггүй. Бидний айдас ихэнхидээ хуурамч байдаг. Ял шийтгэл бол аймшигтай, аюултай гэдгийг бид мэддэг. Байгалийн догшин үзэгдлийн өмнө хүн өөрийн ямар өчүүхэн арчаагүй болохыг мэдэрдэг, айн сүрддэг. Заримдаа сониуч зангаасаа болж айдсаа умартах нь бий. Товчхондоо айдас нь хүний мэдлэгийн түвшинг тодорхойлно гэх үүдээ. Мэдлэгийн хүрээ тэлэхийн хэрээр айдас хумигдана. Ерөөс хүн төрөлхтөн эртнээсээ л ертөнцийг нэгдмэл цул маягаар төсөөлж иржээ. Жишээлбэл дэлхий бол хавтгай, нар нь дэлхийг тойрон эргэнэ гэх төсөөлөл дундад зуунд ноёрхож байлаа.  Ертөнцийн төв нь дэлхий байлаа шүү дээ. Бүх ном сургааль энэ загварт захирагдана.

 

How do you rate this article?

0



Maral
Maral

Вы, голубки ручные, вы, горлинки, птички поднебесные, скорей ко мне летите, чечевицу выбрать помогите!

Send a $0.01 microtip in crypto to the author, and earn yourself as you read!

20% to author / 80% to me.
We pay the tips from our rewards pool.