Хөгжил Трейд компанийг үүсгэн байгуулагч Х. Алтангэрэл бидний дунд өрнөсөн халуун яриа
1994 он
“Хөгжил трейд ” ХХК-ийг 1991 онд “Хөгжил” нэртэйгээр үүсгэн байгуулж, 1996 оноос “Хөгжил трейд” нэртэй болж худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. 2002 оноос Монголд анх удаа цэвэр түүхий эдээр ахуйн хэрэглээний, эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй хуурай нойтон сальфетик, ариун цэврийн цаас зэрэг бүтээгдэхүүнийг “Ариун” нэртэйгээр үйлдвэрлээд 17 жил боллоо.
Монгол улсын /MNS: 5261-2003, MNC: 4273-1995/ стандартуудыг салбартаа анх удаа нэвтрүүлж, чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүнээр хэрэглэгчдээ үйлчилж үндэсний шилдэг үйлдвэрлэгч компани болсон.
“ Импортыг орлох шилдэг бүтээгдэхүүн” 2009, 2010, 2017 онд, Үндэсний шилдэг 99 бүтээгдэхүүний “Үлэмжийн чанар” шагнал, 2011 онд “Best Brand”, “Үндэсний шилдэг брэнд”-ийн шагнал, 2006 онд “Хэрэглэгчийг хаанд өргөмжилсөн байгууллага” цол өргөмжлөл, 2016 онд “Үндэсний үйлдвэрлэгч шилдэг татвар төлөгч аж ахуйн нэгж, Улаанбаатар түншлэл 2016 онд “Онцлох сав баглаа боодолтой бүтээгдэхүүн”, 2014, 2015, 2017, 2018 онд Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас “Үндэсний шилдэг брэнд” шагналуудыг тус тус хүртсэн.
- Эр хүний жаргал эзгүй хээр гэлцэнэ. Ингэж үзвэл, чоно бөгөөс тэнгэрлэг амьтан мөн болой. Үүнээс ургуулаад бодвол, суусан цэцнээс явсан тэнэг дээр байж таарна.
- Байзаараа. Тогтож хайрла. Наад санаанууд чинь угаасаа хүн бүрийн мэддэг шахуу санаанууд биш гэж үү?Захын хүнээс асуухад л хэлээд өгнө. Тэгэхлээр энэ санаа бүрийн ард нууцлагдмал, далд санаа давхар агуулагдаж байна гэсэн үг мөн үү?
- Мэдээж, бид далд ертөнцийн талаар хөөрөлдөж сууна.
- Үгийн увьдас гэж юу болох, ямар үг хэзээ, хаана, ямар шид бүтээх чадалтай талаар Жамъян гэдэг хөгшин надад хааяа тайлбарлаж өгдөг байлаа. Хачин жигтэй үлгэрүүд ярьж хүүхэд мэт хөөрөх нь бий. Жамьян хөгшин бол ээжийн номын багш. Асуудлаа тодорхойлж гарах гарцыг олох гол зэвсэг нь есөн зоос. Өвөртөө байнга авч явна. Ээжийн асуудал ямар барагдана гэх биш. Эцэг маань өөд болсноос хойш хорвоо орвонгоороо эргэсэн нь гарцаагүй. Эцэг маань төрд хэрэгтэй мэргэн зайран байсан тул идэж, уух, өмсөх зүүхээс авахуулаад амьжиргааныхаа бүхий л хангамжийг төрөөс үнэгүй авна. Улс төрийн товчоонд яригдаж, бэлтгэгдэж, сойгдож байсан гэхээр муугүй мэргэн бөөдий, ирээдүйтэй боловсон хүчин байсан байж таарна. Улс төрийн товчоо гэдэг нь өнөөгийн Их Хурал маягтай байгууллага. Засгийн газрын танхим ажлаа улс төрийн товчоогоор дүгнүүлнэ. Аль ажлыг ямар хэмжүүрээр хэмжиж ямар дүн тавих вэ гэсэн нэгдсэн жишигтэй. Ухаандаа, аль ч байгууллагын танилцах самбар дээрээс тухайн байгууллагын ажлын явцыг багцаагаар мэдэж болох жишээтэй. Аль ажил нь хугацаандаа амжихгүй бусдыгаа доош нь чангааж байна, аль ажил нь хугацаанаас өмнө дуусч бусдын ажлыг эрчимжүүлэн өдөөж байна? Тэгэхлээр, байгууллагын танилцах самбар нь нэг төрлийн нэрийн хуудас болж байна. Энэ үгийн шид мөн үү?
- Самбар дээр гахай зуруулах ч тун эвгүй шүү. Одоо бодоход, туйлын харгис байжээ. Амьдралд дөнгөж хөл тавин учраа олохоор тэвдэж яваа нялх амьтныг зааж зөвлөөд гараас нь хөтлөөд явахын оронд шууд шавартай хутган гахай болгон хувиргана гэж байж болох уу. Бүр хүүхдүүдийн өмнө дөрвөн хөллүүлж байгаад гахай шиг дуугаргана гээч.
- Самбар дээрхи гахайг бол сайн санаж байна, харин гахайн дүрд хувирна гэдгийг одоо л чамаас анх удаа сонсож байна. Энэ харин ёстой жигтэй сонин түүх байна.
- Яагаав. Онц сурлагатнууд нь муу сурлагатнуудаа хариуцан гэрээр давтлага өгдөг байсан даа. Тэр үеийн онц сурлагатнууд гэхээр голдуу чинээлэг айлын хүүхдүүд. Ийм айлуудын амьдралын хэв маяг, иддэг хоол, өмсдөг хувцас гээд юм бүхэн нэг л чамин, нэг л дэгжин, нэг л тансаг. Дотроос хорхой хүргэж сэтгэл гижигдэнэ. Давтлага хийхээр ирлээ гэхэд ээжүүд нь шууд бэлэн хоол цайгаар дайлж явахад бас хоосонгүй гаргана. Атга чихэр халаасанд хийх жишээтэй. Тийм болохоор би давтлагандаа суух дуртай. Гэтэл нэг өдөр хамт давтлага хийж байсан хүүхдүүд цуглаад багшаас ирсэн тушаалыг уншиж танилцуулав. Тэнд дурдснаар хоцрогдлоо арилгаж чадаагүй хүүхдүүд шийтгэлтэй, шийтгэл нь самбар дээрх өөрийн дүрийг дуурайж дуугарах явдал гэнэ. Миний дүр гахай байсан тул би бусдынхаа өмнө мөлхөөд гахай шиг дуугарав. Яахав, газрын хишигтэй буянтай амьтан. Хүүхдүүд намайг хармагцаа элгээ хөштлөө инээлдээд ухаан алга. Миний дүр илжиг байгаагүй нь яамай гэж тухайн үедээ би ч бас дотроо баярлаж байлаа. Сүүлд миний сонссоноор, манай багшийг хоёр залуу эргүүлж байсан гэнэ лээ. Хоёулаа жолооч. Нэг нь даргын тэрэг барьдаг жолооч, нөгөө нь холын тээврийн жолооч. Даргын жолооч нь ажлынхаа сиймхийгээр багшийг машинаар зугаалуулж байгаад өөртөө дасган эхнэрээ болгоод авчихсан. Багш бол хэн ч хаанаас нь ч харсан согоо шиг амьтан. Өөлөх юм байхгүй. Нөгөө холын тээврийн жолооч нь мөрийгөө алдсан юм шиг байгаа юм. Баталгаатай араанд нь хийчихлээ гээд хөдөөгүүр амар тайван ажлаа хийсэн шигээ гэдсээ илээд хэвтэж явтал багш өөр хүнтэй гэрлэчихсэн байна. Их л хурдан амжуулсан бололтой. Холын тээврийн жолооч нь нэлээд шартай гөжүүд эр байжээ. Шарлахсандаа манай эгч болох хүнтэй даруй гэрлэжээ. Тэр цагаас хойш багш, манай эгч хоёрын хооронд хүйтэн дайн дэгджээ. Эрчүүд ч яахав хээгүй улс. Харин, энэ дайны золиос нь, жинхэнэ хохирогч нь би болжээ. Хэрвээ миний сонссон түүх үнэн бол шүү дээ. Гэхдээ үнэн байх магадлал их өндөр.
- Наад түүхийг чинь би сонсоогүй юм байна. Харин чамайг анх яаж харснаа тодхон санаж байна. Хоёрдугаар ангийн намар. Арван сарын сүүл, арваннэгдүгээр сарын эхэн хавьцаа санагдана. Их л урт, налгар намар болж билээ. Үдийн завсарлага дуусч хүүхдүүд ангидаа орон үймүүлэх ажлаа үргэлжлүүлээд тун завгүй байлаа. Гэтэл гэнэт 2Д ангийн багш нэг хүүхэд дагуулчихсан манай ангид ороод ирэв. Түүний тайлбарласнаар, энэ хүүхэд нь хөдөөнийх, ангийнхтайгаа ер таарч тохирохгүй, манай ангид орох хүсэлтэй гэнэ. Бүтэн өнчин, эмээгээрээ овоглодог, хот газрыг анх удаагаа харж байгаа туршлагагүй хүүхэд. Хөлөө олоход нь жаахан туслаад өгвөл хичээлийн хоцрогдлоо хурдан нөхөх чадвартай. Ой тогтоомж сайтай, ухаан сийрэг, ажилд махруу, ажлаа чин сэтгэлээсээ хийдэг гэхчилэн нөгөө хүүхдээ баахан магтав. Уул нь би ангиасаа холдуулах дургүй л байна, гэхдээ өөрөө танай ангид оруулж өгөхийг гуйгаад салахгүй байна. Хүүхэд өөрөө гуйж байхад яаж татгалзах билээ?
- Гүйлгээгүй бараагаа сайн сурталчилж байгаад борлуулчих ухаан сийлсэн хэрэг. Өөрт нь бөөн төвөгтэй санагдсан биз.
-Тухайн жил бага ангиудын ачаалал үнэхээр өндөр байсан нь үнэн. Жишээ нь хоёрдугаар анги 8 бүлгээр хичээллэж байлаа. Анги, танхимууд хүрэлцээгүй тул 3 ээлжээр хичээллэж байв. Хоёр жилийн дараа шинэ сургууль ашиглалтанд ороход сургуулийн тал нь хүүхдүүдээ аваад гал голомтоо асаасан бол үлдсэн тал нь бууриа сахин үлдэж билээ. Өөрөөр хэлбэл, бага ангийн багш нар угаасаа өндөр ачаалалтай ажиллаж байсан. Тэгэхлээр, манай ангид орох хүсэл чамд өөрт чинь байсан бололтой. Манай ангийхан маш хөдөлгөөнтэй хүүхдүүд байсан. Зүггүйтэх, дэггүйтэх, сахилгагүйтэх бөөн дур. Хичээл тараад сургуулийн өмнөх талбай бөөн дуу шуу, орилоон майлаан. Есөн шидийн тоглоом тоглоно. Хожигдсноо хатуу шийтгэнэ. Жишээ нь хожигдсон нь илжиг болж хожсоноо нуруундаа суулган дөрвөн хөллөж мөлхөнө. Ингэхдээ илжиг шиг дуугарх ёстой. Гэх мэт. Ангийн багш бол энэ бүхнийг хөндлөнгөөс хараад л чимээгүй зогсож байна. Хааяа нэг хор малтах, шар гозойлгох үг чулуудна. Уран зохиолын багш болоод тэр үү маш хорон, зэвүүн, хатгасан үгтэй. Анхандаа бусад ангийнхан биднийг сонирхож, гайхаж, шохоорхож хардаг байсан бол яваандаа бусад ангийнхан биднийг дуурайж, гэхдээ арай өөр маягийн тоглоом тоглох болсон. Чамайг харахад, гаднаасаа бол улаан хацартай бүрэг ичимхий, ноомой гэмээр хүүхэд, харин харц чинь гэрэлтэж байсан. Овоо сэргэлэн байж мэдэхээр. Муу үйл бүтээхэд иймэрхүү хүүхэд яг тохирно. Өөрөөр хэлбэл, бид чамайг олзолсон хэрэг.Чамайг яаж эгнээндээ элсүүлэх вэ гэдэг амаргүй даваа байсан. Багш маань аливаа асуудлыг ардчилсан зарчмаар шийдүүлэх арга барилтай байжээ. Эхлээд ангийн дарга саналаа хэлэв. Тэр өөрөө шинэ хүүхдийг дааж аван сургалтын хоцрогдлоос нь арилгаж чадна гэж амлав. Дараа нь салаан дарга нар элж дараагаар саналаа хэлэв. Одоо байгаа хоцрогдлоо яана гэж байхад юун шинэ хүүхэд вэ? Ингээд удирдах бүлгийн саналын тоо тоолоход хоёр тал яг тэнцэв. Ингээд ангийн онц сурлагатнуудын дунд санал хураалт явуулахаар тогтов. Ингээд хамгийн эхэнд би саналаа хэлэх болов. Учир нь тоо бодлого, хурдан уншлага, цээж бичлэг зэрэгтээ би ангийнхнаасаа тасархай түрүүлдэг байв. Сургуулийн аврага л гэж ярина шүү дээ. Ингээд би хот хөдөөгийн амьдралын ялгааны талаар өөрийн жишээгээр тайлбарлав. Хотын хүүхэд хөдөө очоод хэрхэн хөглөдөг талаар уянгийн халилтайгаар дүрслэв. Гэхдээ ичгэвтэр байдалд хэзээ ч орохгүй. Учирыг нь олоод алдаагаа дор нь залруулна. Бүгд л надад тусална. Одоо хөдөөний хүүхэд хотод ирээд байна, бид яагаад бүгдээрээ тусалж дэмжиж болохгүй гэж? Ингэж хэлмэгц ангийнхан бүгд санал нэгдэв. Яг болсон үйл явц нь энэ. Хэн нэгэн этгээд чиний мууг үзэх гэж манай анги руу зориуд илгээсэн юм байхгүй.
- Тэр үед, би ангийн даргадаа хайр зарлан уйлуулж билээ. Хайр гэж юу болохыг ч мэдэхгүй. Чи ямар заваан юм ярьдаг юм, яг одоо гутал, хувцсаа өмсөөд манайхаас гар, дахиж хэзээ ч манайхаар бүү шагаагаарай гэж цамнаж гарав. Би бүр балмагдаж орхив. Ангидаа ороод над руу харах ч үгүй. Хичээл ямар байна, ойлгомжгүй зүйл юу байна гэж асуух ч үгүй. Байдал бишджээ гэдгийг би дор нь ухаарав. Гэхдээ санаснаас хамаагүй долоон дор. Ингээд учир байдлаа багшдаа тайлбарлан ойлгуулах гэж оролдов. Багш асуудлыг нягтлаж үзээд сурагчдын зөвлөлийн хуарлдааныг ангийн даргын гэрт зохион байгуулах, аав ээжтэй нь зохицох асуудлыг өөрөө дааж авахаар тогтов. Ингээд товлосон өдөр болоход манай ангийнхаас ангийн даргынд десант бууж өдөржингөө баахан тоглов. Тарахын алдад миний асуудлыг хэлцэхээр болж би өвдөг сөгдөн уучлал гуйж дахин хэзээ ч цадиггүй авир гаргахгүй гэж тангаргалав. Тэр намайг уучлав. Бидний харьцаа урьдынх шигээ цааш хэвийн үргэлжлэв. Ингэж нэг том давааны ард гарч билээ.
- Миний бодлоор, чи юмыг хурдан тусгах чадвартай хэрнээ хэтэрхий махчилж ойлгох гээд байдаг гэмтэй. Ухаандаа, самбар дээрхи гахай, нохой, илжиг бол бидний хувьд ердөө л дүн төдий. Харин чиний хувьд ийм дүрс нь сурлагын үзүүлэлт биш амьтан. Ямар ямар амьтад байдаг, юугаараа ялгарахав, яаж дуугарахав гэх мэт. Хүүхдүүд иймэрхүү санаа сонсоод савж унатлаа инээлднэ. Хэн нэгэн чамайг чадахаар шийджээ. Ямар нэгэн маргаанаас болсон байж мэднэ. Ингээд ангийн даргатай хуйвалдан жүжиг найруулжээ. Гахайн дүрд хувирна гэдэг амаргүй даваа. Чи чадуулжээ. Ингээд ангийн дарга амжилтаараа сайрхсан бололтой. Энэ нь хэн нэгний дургүйг хүргэсэн байна. Ингээд чамд үг зааж өгөн ангийн даргад хэлүүлсэн байна. Ангийн даргын сул талыг сайн мэддэг байжээ. Юунаас айдгаа илэн далангүй нээж байсныг бодоход дотнын найз нь байх өндөр магадлалтай. Чамд хэтэрхий их цаг зараад байгаа нь найзад нь таалагдаагүй бололтой. Энэ асуудлаас болоод санал зөрөлдөөн туйлдаа хүрч түнжин хагарсан байж мэднэ. Найзыгаа буцааж татахын тулд та хоёрын дунд яс хаях хор найруулжээ. Чиний ярьсан үйл явдлуудаас ургуулан бодоход иймэрхүү үйл явц болсон байх магадлал, төсөөлөл харагдаж байна.
- Охидууд айхтар байжээ?
-Манай ангийн багшийн түүх бол их өвөрмөц. Нэгдүгээр ангиас аравдугаар анги хүртэл манай анги хариуцсан багш байсан. Ийм тохиолдол ховор болов уу. Багшийн мэргэжил эзэмшээд хариуцаж авсан анхны бага анги нь манай анги. Дараа нь мэргэжил дээшлүүлээд хариуцаж авсан анхны дунд анги нь бас л манай анги. Дээд боловсрол эзэмшээд хариуцаж авсан анхны ахлах анги нь мөн л манай анги. Манай анги багштайгаа цугтаа 10 жил хөгжсөн, өсөж өндийсөн. Энэ хооронд олон зүйл эрс өөрчлөгдснийг бид өөрсдөө анзаардаггүй. Манай ангийг гаднаас нь хараад өөлөх юм юу ч байхгүй. Соёл, урлаг, спорт, танин мэдэхүй, ажил хөдөлмөр гээд аль ч салбарт манай анги сургуулийн нэр төр, бахархал, нэрийн хуудас болон гялалздаг байлаа.
- Би гэхэд л жил бүхэн сургуулийн хөдөлмөрийн аваргаар тодроод хамаг бай шагналыг нь хамдаг байлаа. Ажилд их махруу байсан юм шиг байгаа юм. Бусдад боломж олгохгүй айхтар нүгэл үйлдсэн нөхөр шүү. Би зөвхөн өөрийгөө л баярлуулж явжээ. Одоо бол би бусдыг баярлуулахыг чармайдаг, амьдралд нь тус нэмэр болохыг хичээдэг. Гэхдээ үзүүлж чадах тусын хэмжээ маань тун өчүүхэн. Гол нь тоо хэмжээ биш, сэтгэл шүү дээ. Ний нуугүй хэлэхэд, намайг нэг асуудал маш их зовоож байна. Би бол төрсөн ганц ахтай, ахаас маань өөр санаж сарвайх ямар ч хүн байхгүй. Ахын амьдрал өнөө маргаашийн хоолноос хэтрэхгүй. Гэнэтхэн би гэдэг хүн маш олон ах дүү, амраг садан, найз нөхөдтэй болсноо олж мэдлээ. Миний огт танихгүй хүмүүс. Энэ насандаа тэр хүмүүстэй уулзаж учирч явснаа огт санахгүй юм. Тэд болохоор намайг танимхайрч байна гэж жигтэйхэн. Хэлж ярьж байгаад нь үнэмших юм бол сэтгэл уяраад нулимс бөмбөрүүлэхээр. Энэ бүх жүжгийн дараа юу эхэлдэг гээч? Надаас шууд мөнгө нэхдэг. Хүүхдийн сургалтын төлбөр яаралтай төлөх боллоо. Маргааш бол оройтно, яг одоо төлөх хэрэгтэй гээд зүтгэчихнэ. Яг одоогоор боломж үнэхээр алга, надад хүнд илүүчлэх ямар ч мөнгө алга, та өөр хүнээс мөнгө сураглабал дээр байх. Намайг харж цаг алдаад хэрэггүй. Тэгэхэд надад ямар хариу барьдаг гээч. Чи муу гуйлгачин, бусдыг шулж мөлжиж гахайлтлаа таргалчихаад нэг муу хоолны шавхруу харамлаж байна уу? Үйлдсэн нүглийнхээ гэмийг үүрч нэг л өдөр амьдрал чинь сүйрэн унах болно. Харамсаад ч оройтно. Чамайг өөдтэй явахыг чинь харнаа. Ингэж хэлбэл баярлах хэрэгтэй. Зарим нь шууд ална, тална гэж дөвчигнөнө. Айхтар зальтай улсууд бас байна шүү. Төрсөн ганц ахдаа ганц ботинк худалдаад авч дийлэхгүй л байна шүү дээ. Асуудал мөнгөндөө биш. Мөнгө бол байна. Компаниа хөл дээр нь босгож эрийн цээнд хүрэхэд мөнгө хэрэгтэй, хугацаа хэрэгтэй, тэвчээр хэрэгтэй. Надад бусдын асуудлыг шийдэх илүүдээ гарсан мөнгө, цаг, хугацаа, тэсвэр тэвчээр байхгүй. Миний асуудал угаасаа надад хангалттай. Хэд хэдэн удаагийн цаазын ял уншуулах хэмжээний ажлын дарамт байна. Өөр асуудлын тухай бодох ямар ч тэнхэл, сөгөө байхгүй. Хэн ч хэнтэй ч танил байж болно. Муу юм биш. Хэн хэндээ тус дэм болоод гийгүүлдэггүй юмаа гэхэд ядаж нэг нэгэндээ гай тарихгүй байж болдоггүй юмуу?Энэ олон таньдаг, таньдаггүй, мэддэг, мэддэггүй ах дүү, амраг садан, хамаатан саднуудаас яаж ангижрах вэ?Тоо толгой нь өдрөөс өдөрт өсөөд л байхаас бус буурахгүй юм. Яах ёстой юм?Магадгүй, багадаа жил бүр хөдөлмөрийн аварга болж олон хүүхдийн урмыг хугалж гомдоосон байх. Хариу нь тэгээд энэ байх. Би чин сэтгэлээсээ ажлаа хийдэг байсан. Түрүүлнэ, шагнал авна гэж зорьж төлөвлөж байсан удаа байхгүй. Ажлаа сэтгэлээсээ хийгээд л сургуулийн хөдөлмөрийн аварга болж байсан. Энэ тэгээд миний үйлдсэн нүгэл мөн үү?
- Угтаа бид нэг л зүйлийн талаар хөндөн ярилцаж байна. Хэлбэр нь өөр боловч агуулга нь ижил. Энэ бол эрх мэдэл ба эрх мэдлийн төлөөх тулаан. Энэ үйл явц хэрхэн бий болж, хэрхэн хувирч өөрчлөгдөн хэлбэр агуулга нь баяжиж хөгжиж байдгийг манай ангийн жишээн дээрээс маш тодорхой харж болно. Тэгээд л би маш холоос яриагаа эхлүүлээд байна шүү дээ. Бүх зүйл юунаас яаж эхлэв?Энэ бүхнийг би сайн мэднэ. Яагаад гэвэл би энэ бүх үйл явдлын гэрч, идэвхитэй оролцогч. Хөшигний цаана өрнөж байсан бүх үйл явцыг анзаарч байснаараа би чамаас өөр. Үнэндээ чи миний хэн болохыг ч мэдэхгүй. Миний туулсан амьдралыг чи зүүдэндээ ч төсөөлөхгүй. Чиний мэддэгээс огт өөр найз чиний өмнө одоо сууж байна. Чамтай амьдралынхаа туршлагаас хуваалцахад бэлэн. Чиний зовлон надад бол инээдтэй л байна. Ганц хүсэх зүйл бол миний ярих зүйлийг тэвчээртэй сонс. Аяндаа ойлгоно. Эхлээд оношоо тодруулна. Дараа нь эмчлэх арга, гарах гарцаа олно. Би өөрийн оношийг тавьсан. Тэгэхлээр эрх мэдэл гэж юу юм, эрх мэдлийн төлөөх тэмцэл гэж юу юм гэдгийг ойлгох хэрэгтэй. Ингэж ярьвал ямар байна?Дашрамд дуулгахад энэ бол хүний төрөлх чанар.
- Мэдээж, би бол боловсрол нимгэн, үзсэн, харсан, сонссон зүйлээр маруухан жирийн нэг монгол хүн. Би өөрийгөө мунхаг болохыг мэднэ. Тийм болохоор намайг гэгээрүүлж хайрла. Төөрөгдлөөс гарахад минь туслаач. Явах замыг минь гэрэлтүүлээч.
- Миний ухаан гэж юу байхав. Гэхдээ чамд хэрэг болох дайны ухаан бол бий. Миний хэлж ярих санааг гарцаагүй үнэн гэж бүү бодоорой, үнэн бол туйлын харьцангүй. Ертөнцийг хууль, дүрэм, журам, эмх цэгц захирдаггүй, ертөнцийг тулгуур зарчмууд бүтээдэг. Иймэрхүү зарчмууд нь математик гаргалгаатай бөгөөд мөн математик баталгаатай. Нэг зарчим гэхэд 5 үгнээс бүтсэн байлаа гэхэд баталгаа нь 200 хуудас математик томъёо байх жишээтэй. Зарчим зөрчсөн нөхцөлд ямар ч мундаг хууль, дүрэм, эмх цэгц аврахгүй. Зөвхөн зарчмаа залруулж байж хүндрэлээс гарна. Эдгээр зарчмуудтай бид зугуухан танилцана. Нэг жишээ татъя. Хүн бүрт бодол бий. Бодол гэж юу вэ?Физик талаас нь үзвэл бодол гэгч нь хүний тархинаас ялгарч буй гэрлийн туяа. Өөрөөр хэлбэл, бодол бүр тээгчтэй байна. Атом бол цөм ба цөмийг тойрох электронуудаас бүрдэнэ, цөм нь протон ба нейтроноос бүрдэнэ гэдгийг бид дунд сургуулийн физикийн хичээлээс мэднэ. Электрон, протон, нейтрон бол тогтвортой орших хамгийн бага бөөмс. Эдгээрийг бүрдүүлэгч тогтворгүй төлөвт орших кварк, липтон болон бозон төрлийн эгэл бөөмс гэж бас бий. Эгэл бөөмс түрхэн зуур оршин тогтноод сарнин үгүй болно. Хэрвээ би андуураагүй бол бодол тээгч эгэл бөөм нь липтон төрлийн бөөм. Тэгэхлээр бодол бүхэн бие даан орших чадвартай ажээ. Тэр бүү хэл зарим бодол алс хол нүүдэллэх онцгой чадвартай гэнэ.
- Хараал жатга хийлээ, хариуллаа гэдэг нь оргүй яриа биш байхнээ.
- Бодлыг хар, цагаан гэж хоёр том бүлэг болгон хуваахад л хангалттай. Хар бодол гэдэг нь хар санаанаас үүдэлтэй. Юмыг муугаар бодно, харлуулж бодно гэсэн үг. Хэрвээ айл гэрт хар бодол давамгайлах аваас тухайн айлын ажил үйлс хазайж ер нь л бүтэлгүйтэх, уруудах, доройтох зам руугаа шуудрана. Эсрэгээрээ, айл гэрт цагаан бодол давамгайлж байвал тухайн айл гэрийн ажил үйлс мандан бадарч хөгжих, дэвжих, урагшлах зам руугаа шуудрана. Тэнгэрийн эрхэс өөрийн тэнхлэгээ тойрон эргэдэг. Зарим нь нар зөв эргэнэ, зарим нь нар буруу эргэнэ. Тэнхлэг нь босоо ч байна, хазгай ч байна. Ийм эргэлтийг спин гэх нэгжээр хэмжинэ. Эгэл бөөмсийн хувьд мөн ялгаагүй. Гэхдээ спинийг нь квантаар (тогтмол тун), бүр тодруулбал Планкын тогтмолоор хэмжинэ. Эгэл бөөмийн спинийг урагшлах араа юмуу ухрах араа маягаар бүдүүвчлэн төсөөлж бас болно. Хар бодол гэдэг бол спин нь ухрах араандаа орсон липтон, харин цагаан бодол гэдэг бол спин нь урагшлах араандаа орсон липтон маягтай. Олон удаагийн ажиглалт, туршилт, судалгаагаар энэ бүхнийг судлаачид нээн илрүүлжээ. 60-аад оны сүүлээр нээсэн шиг санагдаж байна. Монголчууд энэ хуулийг бүр эртнээс мэддэг байсан шүү дээ. Хэрүүлийн бузар тусна гээд нялх хүүхдийн дэргэд томчууд хэрүүл хийхээс цээрлэх жишээтэй. Иймэрхүү жишээ үй түмээрээ бий. Тэгвэл бодлын ертөнцийг бүхэлд нь базаад дэлхийн оюумандал (ноосфера)гэдэг санааг оросын эрдэмтэн В.И. Вернадский 1930 -1940 оны үед дэвшүүлжээ. Оюумандал нь агаар мандал, усан мандал гэх мэт геологийн тогтоцын дээр оршино, өөрийн гэсэн хөгжлийн дотоод зүй тогтолтой. Алдсаа манай цэнхэр гаригийн хувь заяа Оюумандалаас бүрэн хамаарна. Вернадскийн оюумандлийн тухай дэвшүүлсэн санааг базаад хэлбэл Төр төвтэй хөгжлийн загвар явцгүй боллоо, ирээдүйд тохиолдох болзошгүй аюулаас сэргийлэх цорын ганц найдвартай гарц бол Хүн төвтэй хөгжлийн загвар руу шилжих явдал. Зөвлөлтийн сэтгэгчид энэ дүгнэлт зөв байжээ гэдгийг 1970-аад оны дундаас хүлээн зөвшөөрсөн бололтой. Учир нь манай эцэг 1978 оноос ЗХУКН дээд сургуульд 4 билүү 5 жилийн хугацаатай суралцсан. Амралтаараа гэртээ ирэхэд нь лекцийг нь би нэлээд шимтэн уншдаг байлаа. Надад маш хачин санагддаг байлаа. Хүн төвтэй хөгжил гэдэг нь толгойд нэг л сайн бууж өгөхгүй. Бидний дасал болсон Төр төвтэй хөгжлийн загвараас тэс өөр. Хувь хүний эдийн засгийн эрх чөлөө, чөлөөт боловсрол, олон ургальч үзэл, сонгох, сонгогдох эрх чөлөө гэх мэт. Төр төртэй загварт нэг л үнэн, нэг л дүртэй. Энэ дүрийг та нэг бол хүлээн зөвшөөрч үг дуугүй дагана, эс бөгөөс ухаан мунхаг хэмээн цоллуулж нийгмээс гадуурхагдана. Бид ийм л ямар ч сонголтгүй ертөнцөд дүр эсгэн амьдарч байсан. Харин эцгийн минь тээж ирсэн тэр эрдэм, ухаан надад амьдралыг цоо шинээр харах цонх, хөтөчийн үүрэг гүйцэтгэсэн билээ. Миний санахад М. Горбачев, манай эцэг хоёр нэг үеийн намын дээдийн төгсөгчид байжээ. Тухайн үед өөрчлөн байгуулалтыг эхлүүлэх чадалтай хүнийг оросууд дотроосоо хайж байсан болов уу. Ийм хүнээ намын дээдийн төгсөгчид дотроос шилж сонгосон байх. Ямартаа ч энэ шалгуурт нь Горбачев тэнцсэн байна. Хэрвээ иймэрхүү шалгуураар шүүсэн бол манай эцэг монголын өөрчлөн байгуулалтын удирдагчаар тодрох нь баараггүй байлаа. Учир нь манай эцэг сургуулиа улаан дипломтой төгссөн юм шүү дээ. Тухайн жил нь ердөө хоёр хүн л улаан дипломтой төгсөж байжээ. Тэгэхлээр онолын бэлтгэл муугүй гэсэн үг. Бидний өнөөдөр яриад байгаа зах зээлийн эдийн засаг, олон намын тогтолцоо, ардчилал, хүний эрх гээд байгаа олон асуудлуудыг 1980 оны үед Москвад коммунист намын дээд сургуульд үзэж, судалж байжээ. Өөрөөр хэлбэл, санаа зөв бол заяа зөв гэсэн гаргалгаа. Хэрвээ чи хариуцсан ажлаа чин сэтгэлээсээ хийж элдэв хар муу санаа агуулахгүй бол ажил үйлс чинь алхам алхамаар урагшилсаар байх болно. Нэг л өдөр чи зорьсон газраа хүрнэ. Тиймээс шантарч болохгүй. Мөнгө бол чиний эрх чөлөөний баталгаа. Эрх чөлөө, мөнгө хоёр бол нэг зоосны хоёр тал. Нэг нь байхгүй бол нөгөө нь байхгүй. Тиймээс мөнгөө арвижуулахын төлөө тууштай тэмц. Малчид малаа арвижуулахын төлөө, ногоочид ногоогоо арвижуулахын төлөө, зөгийчид балаа арвижуулахын төлөө хэрхэн яаж тэмцэж, яаж зүтгэдэг билээ?Мөнгөө арвижуулахад юу нь буруу байна? Яахаараа нүгэл болдог юм? Ийм утгагүй бодол байвал толгойноосоо даруй авч хая. Хүссэн хүн бүр малчин болохгүй, хүссэн хүн бүр ногоочин болохгүй. Мал сүрэг аваад өсгөж арвижуулах нь бүү хэл хотоо харлуулаад юу ч үгүй хоосорч буй малчид өчнөөн олноороо байж л байна. Мөнгө ялгаагүй. Мөнгө маллаж чадах хүн гэж байна, чадахгүй хүн гэж бас байна. Ямар ч нөхцөлд өөдрөг үзэлтэй байх хэрэгтэй. Хүндрэлээс гарахад ямагт тусална. Ер нь хар бодол гэдэг тун амь бөхтэй амьтан. Зарим тохиолдолд хэдэн сараар ч муу нөлөөгөө үзүүлсээр байгаад байдаг. Би өнөөдөр нэг их муухай бодол бодлоо гэхэд маргааш ч юмуу тэр дор нь ч юмуу бодол өөрчлөгдөнө. Миний хувьд бодол дуусаа. Харин нөгөө муухай бодол маань намайг дахин муухай бодохоо зогсоосон ч үргэлжлүүлэн бие даан амьдарсаар байна. Миний бусад бодол, өөдрөг үзэлд байнга саад тотгор учруулна. Гэрэл, сүүдрийн тэмцэл гэмээр юмуу эрх мэдлийн тулаан гэх үү. Гэгээлэг, өөдрөг бодол ч бас муугүй насална. Гол нь миний ажилд үргэлж тус дэм болно. Эрүүл мэндэд сайнаар нөлөөлнө.
- Ургамалд сонгодог хөгжим сонсгоход ургац нь дээшилж байна гэж дуулж байсан юм байна. Бас усанд сайн, муу үг дуулгахад бүтэц нь өөрчлөгдөж байна гэж сонссон. Муу үг дуулсан, хар энергийн нөлөөнд автсан усны бүтэц эвдэрч ялзарч байхад сайн үг дуулсан, цагаан энергийн нөлөөнд орсон усны бүтэц улам гоёмсог болж шидэт рашаан болон хувирч байна гэж байсан. Хүн ч бас ялгаагүй биз. Бурмаар тэтгэхээр урмаар тэтгэ гэдэг тун учиртай үг байна шүү.
- Гэхдээ хамаагүй цаасан малгай өмсөөд байж болохгүй. Аливаа юм тоо хэмжээтэй гэж айхтар үг бий. Өөр нэг жишээ татъя. Голограф зураг гэж юу байдгийг мэдэх үү? Гурван хэмжээст буюу огторгуйн дүрс. Гүдгэр, товгор, хүнхэр гэхчилэн дүрснүүд. Зургийг аль өнцгөөс харахаас хамааран ерөнхий зураглал өөр өөр. Ердийн фото зурагт харах өнцөг гэсэн ойлголт байхгүй. Хаанаас нь ч, яаж ч харсан ерөнхий зураглал хувирахгүй. Судлаачдын олж тогтоосноор бүх амьд амьтан голограф зурагтай ажээ. Бидний нүд энэ зургийг олж харж чадахгүй. Харин тусгай багажаар энэ зургийг чөлөөтэй харж, уншиж болно. Жишээ нь навчны талыг шатаахад голограф зураг нь бүтэн байсан байна. Ер нь бидний ямар нэгэн эд эрхтэн гэмтэж үгүй боллоо гэхэд голограф зурагт ямар ч өөрчлөлт орохгүй. Өөрөөр хэлбэл гэмтсэн эд эрхтнийг голограф зурагнаас ургуулан нөхөн сэргээх байгалийн бодит боломж байна гэсэн үг. Хамгийн хачирхалтай нь ямар ч амьд амьтны голограф зураг үхснээс нь хойш яг 49 дэхь өдөр ор сураггүй алга болдог байна. Хаашаа алга болдогийг хэн ч мэдэхгүй.
- Манай 49 хоног гэж яриад байдаг санаандгүй тоо биш байхнээ. Шинжлэх ухааны үндэстэй тоо юм биш үү.
- Байгалийн жам гэж үү? Туйлын үнэн гэж байхгүй гэдэгт итгэ. Магадгүй чиний хамгийн найдвартай, амьдралаар туршигдсан гэх үнэн нь худал болох тийм цаг ирэхийг үгүйсгэхгүй. Үнэн гэдэг зүйл орчноос их хамаарна. Ерөөс хүний бүх мэдлэг ухааныг 3 ай сав болгон үздэг. Ямар нэгэн юм, үзэгдлийн шинж чанарыг нарийвчлан судлахыг шинжилгээ (анализ), өгөгдсөн шинж чанар бүхий цоо шинэ юм үзэгдэл бий болгохыг нийлэгжилт (синтез), энэ хоёрт хөндлөнгөөс нөлөөлдөг юмс, үзэгдлийг судалдаг орчны судалгаа (environmental analysis). Өнөө цагт өрнөдөд contextual learning гэх ойлголт хүчээ авч байна. Аливаа үнэнийг орчинтой нь холбож тайлбарлана гэсэн үг. Жишээ нь чи аливаа ажил хийхдээ хэмнэх, гамнахыг урьтал болгодог байж мэднэ. Илүү, үргүй зардал гаргахад чи дургүй. Ихэнхи тохиолдолд энэ нь чамд ашигтай. Тийм болохоор чи арвилан хэмнэхийг бурхан шүтээн мэт дээдэлнэ. Гэтэл гэнэт азгүй тохиолдлоор танай дэлгүүр, эсвэл агуулахад гал гарчээ. Хэрвээ чи усаа гамнаж хэрэглэвэл магадгүй гал эрчээ аван зузаарч, хураан цуглуулсан бүхэн шатах эрсдэлтэй. Хэрвээ чи байгаа жаахан усаа хайр гамгүй хэтрүүлж хэрэглэн дүрмээ зөрчвөл гал газар авахгүй унтрах магадлалтай гэж бодъё. Аль хувилбар нь ашигтай вэ? Энэ бол уран сэтгэмжийн жишээ. Товчхондоо, бидний үнэн гэж бодсон зүйл бидэнд гай барцад, саад тотгор учруулах нь бий. Энэ бол хамгийн аймшигтай нүгэл гэхүү бузар гэхүү. Үүнийг төөрөгдөл гэж нэрлэдэг. Төөрөгдөлтэйгээ бид дайн зарладаггүй, харин ч эсрэгээрээ бүх хүчээрээ хамгаалан тэмцдэг. Эмгэнэлтэй биш гэж үү? Хөгжин дэвших, урагшлах асар их боломжоо бид зүгээр л тавиад туучихдаг. Яагаад гэвэл бид сохорсон учраас, яагаад гэвэл бид дүлийрсэн учраас, яагаад гэвэл бид дассан учраас. Төөрөгдөл энэ бүхнийг хөдөлгөөнгүй баздаг. Хөгжил гэдэг нь өөрөө өөртэйгөө харьцахаас, өөрөө өөрийгөө таньж мэдэхээс, өөрөө өөрийгөө ялан дийлэхээс эхэлнэ. Инээдтэй сонсогдож байж мэднэ. Гэхдээ энэ амар зам биш шүү.
- Би бол үндсэндээ банкны зээлээр боссон хүн. Анхандаа бүх хүчээ банкны зээл төлөхөд зарцуулж байлаа. Банкинд овоо ашиг хийж өгсөн юм шүү. Яваандаа банкны зээлийн нөхцөл сайжирч банкинд бус, өөртөө ашиг олох боломж бүрдэж эхлэв. Би банкны найдвартай, итгэлтэй түнш болж чадсан юм. Үнэндээ, надад эдийн засгийн ухааны А үсэг ч байхгүй. Ёстой л бор зүрхээрээ, харанхуй зүтгэсэн. Магадгүй надад амьдралын ийм хувь тавилан заяасан боловуу. Зовлон, бэрхшээл туулсан уу гэвэл туулсан. Шантрах үе зөндөө тохиолдож байлаа. Бас галзуурмаар санагдах үе ч олон тохиолдоно. Ний нуугүй хэлэхэд, архи миний хань болж байлаа. Нэг л мэдэхэд бүх зүйл ард хоцорсон байна. Миний барахгүй, дийлэхгүй, хүч хүрэхгүй гэсэн ажлыг миний өмнөөс шийдэж өгдөгт нь би хувь тавиландаа баярладаг. Сохор аз гэж байдаг боловуу.
- Байгалийн олон үзэгдэл зөн совингийн хүчээр өрнөдөг. Жишээ нь аргаль, янгирын ороо жил бүр яг л цагтаа орно. Жил бүрийн өвөл, хаврын ааш араншин харилцан адилгүй. Тухайн жилийн хаврын урь, ханш хэзээ нээгдэнэ, яг тэр үеэр төллөхөөр тооцож хээлтүүлэгт орно. Ямар ч эрсдэл байхгүй. Гэтэл тэжээвэр хонь, ямаа хэдийд хээлтүүлэгт орохоо мэддэггүй. Ёстой л аз туршина. Ингэж үзвэл байгалийн зөн гэдэг асар хүчтэй нууц зэвсэг мөн. Яг энэ үүднээс судлаачид төрөл бүрийн туршилт хийсэн байна. Жишээлбэл, хүр хорхойн авгалдайнууд бэлчээртээ очихын тулд маш урт цуваа үүсгэдэг байна. Эрдэмтэд туршилтын журмаар цувааны толгойг сүүлтэй нь холбосон байна. Битүү цагираг үүслээ гэсэн үг. Тэгээд авгайлдайнууд цааш хэрхэхийг танджээ. Тэд бүтэн долоо хоногийн турш чөтгөрийн тойргоор аялаад эцэстээ тамир нь барагдаад цагираг задарсан байна. Битүү цагираг үүсвэл яахав гэсэн бэлэн хариулт байхгүй байна шүү дээ. Тэгэхлээр зөн гэдэг тийм ч найдвартай эд биш ажээ.
- За тийм байж. Гэхдээ зөн совин бидэнд ямар хамаатай гэж?
- Орчин үеийн тооцоолох системийн нэг тулгуур зарчим бий. Stored Program буюу Бичмэл Хөтөлбөр гэх ухагдахуун бий. Мэдлэгийг цаасан дээр бичвэр маягаар буулгаж хадгалдаг. Ингэхдээ төрөл бүрийн бэх ашигладаг. Үүнийгээ бид ном гэж нэрлэдэг. Үүнтэй төстэйгээр, мэдлэгийг тооцоолуурын санах байгууламжид бичвэр маягаар буулгаж хадгална. Ингэхдээ бэх бус, харин цахилгаан соронзон орон ашигладаг. Ийм мэдлэгийг тооцоолуурын хөтөлбөр гэж нэрлэнэ. Тооцоолуурыг хөтлөх, жолоодох, удирдах гэсэн санаа. Хөтөлбөрийг бичмэл маягтай хадгалах энэ зарчмыг фон Нейманы зарчим гэж нэрлэдэг. Орчин үеийн бараг бүх тооцоолуур энэ зарчмаар ажилладаг. Фон Нейман бол дэлхийн хоёрдугаар дайны үед германы нууц шифрийг тайлж унших англи, америкийн хамтарсан багт ажиллаж байсан авъяаслаг математикч. Энэ хүн тоглоомын онолд маш чухал нээлт хийсэн гавъяатай. Zero sum game буюу хожигдогчгүй тоглоом гэх онол дэвшүүлсэн гэхүүдээ. Эдийн засгийн чөлөөт өрсөлдөөн нь цөөн хэдэн хожигчтой, асар олон хожигдогчтой туйлын шударга бус тогтолцоо. Эцсийн дүндээ эдийн засаг бүхэлдээ сүйрч, бүгд хохирогч болон хувирах жамтай. Энэ бол байгалийн жамаар, зөнгөөрөө өрнөж буй үйл явц. Гэхдээ үүнийг өөрчлөх боломж бас бий. Гол асуудал бол хувиа бодсон, бэртэгчин зан. Үүний оронд аливаа гэрээ хэлцэл, арилжаа наймаанд оролцогч талууд өөр өөрсдийн эрх ашиг, ашиг сонирхлыг эн тэнцүү тусгаж найдвартай хамгаалах явдал. Хэн ч хохирогч болох ёсгүй. Зөвхөн өөрийн эрх ашиг төдийгүй, бусдын эрх ашгийг өөрийнхөөс дутуугүй үнэлж нийтээр хамгаалах ёсыг Нигүүлсэх Үзэл гэж нэрлэдэг. Нигүүлсэх үзэл нэвтэрснээр өрнөдийн бизнесс хөгжлийн цоо шинэ түвшинд гарч чадсан түүхтэй. Амиа бодох үзэл нь бараг л байгалийн жам, туйлын үнэн гэж үзэж болохоор маш том төөрөгдөл байсан байна шүү дээ. Үүнийг математикийн онолоор баталж хүн төрөлхтөнд ухааруулсан нь фон Нейманы суу ухааны ач. Ер нь математик бол байгалийн зөн совинг ч дийлэх, асар хүчирхэг багаж зэвсэг мөн болой.
- Миний тархи хогийн ургамлаар дүүрсэн бололтой. Сүүлдээ бүр юу ч хүлээж авахаа байлаа. Одоо ингээд яриагаа завсарлая. Нойр хүрч байна гэж жигтэйхэн. Удахгүй үүр цайна. Овоо хэдэн шил юмны цаана гарлаа. Одоо унтаж амарцгаая. Яриагаа дараа дахин үргэлжлүүлье. Тун сонирхолтой байлаа.
- Цагаан сарнай гэж цэцэг бий. Цэцэгсийн хатан хаан. Маш тансаг чамин хэрнээ туйлын эмзэг, турьхан амьтан. Жишээлбэл манайх гэдэг айл нийгмийн дээд давхарт харъяалагдаж байсныг чи мэднэ. Бүх хангамжийг төрөөс даана. Манай гэр бүлд хурааж хуримтлуулсан эд хөрөнгө гэж юу ч байгаагүй. Банкны данс нойль. Гэнэт манай эцэг нас барж төрийн бүх халамж зогссон. Нэг л өдөр бид нийгмийн хамгийн доод давхарга руу шууд гулсан орсон. Ямар ч авралгүйгээр. Бид чармай нүцгэн гудамжинд гарсан. Цагаан сарнайг өвлийн хахир хүйтнээр гудамжинд гарган хүмүүсийн хөлд дайрагдахаар орхин одлоо гэсэн үг. Яг ийм утгатай, хүний мөс, хүн чанарын тухай далдуур өгүүлсэн Цагаан Сарнай гэж дуу бий. 1989 онд Орос оронд хит болж байсан дуу. Манай эцэг 1988 онд нас барсан. Чиний амьдрал минийхтэй нэлээд төстэй. Тиймээс, энэ дуугаар яриагаа өндөрлөе. Бууж өгөх болоогүй шүү. Хайрна гэж үг бий. Халуунаар хайрч болно, бас хүйтнээр хайрч болно. Алин ч ялгаагүй. Бие махбодийг гэмтээнэ, үхүүлнэ. Хайр бол үүнтэй тун төстэй үзэгдэл. Нөхөрлөлдөө үнэнч байхын төлөө.