Poseidon

Сэр сэр салхи


2020-11-03

Энэ өдөр 18-19 цагийн хооронд Хөөрхөн Бөмбөг гэр бүлийн амралтын газрын ойролцоо нарс голдуу ойд Очироогийн хамт 1 цаг орчим агаарт алхав. Бэлх дэхь гэрээс энэ газар хүртэл Приус 30 машин хөлөглөн ирсэн гэж байгаа.   Энэ бол Очироогийн авсан зураг.  Бидний ирсэн зам. Бас буцах зам.   

302038bc2a1a24c1dfc2d124f0de4c4b971f510338d7ef468ffa634d03ae4d7c.jpeg

 

Хөөрхөн Бөмбөг амралтын газраас буцаад гэртээ иртэл Хандаа маань хоол хийчихсэн сууж байв. Амралтын газар үдийн хоол үнэгүй идчихсэн хүн шүү дээ. 

Өөрийн төрсөн дүү Хандаагийн хийсэн үхрийн булууны ясны шөл уучихаад Очироо бид хоёр уул руу гарсан нь энэ.  Очироо бол Хандаагийн ганц хүү. Очироогийн аав нь ямар хүн байсныг би мэдэхгүй. Математикийн олимпиадад дээгүүр байр эзэлж явсан толгой сайтай хүн байсан гэж ээжээс нь сураг сонссон. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод амьдардаг, гэр бүл үр хүүхэдтэй тогтсон амьдралтай айл байжээ. Очироог сургууль соёлд ороход нь мөнгө төгрөгөөр тусалж дэмжиж явсан гэнэ. Очироо ч бас үе үе аавтайгаа гэрт нь хоног төөрүүлж уулзана.  Аавыгаа өөд болоход нь ажил явдалд нь оролцсон бололтой. 

Очироо бас миний шавь гэж байгаа. Зам зуураа бага сага буу халцгаав. Очироо л голдуу ярьсандаа. Нэг программ бичиж байгаа юм байх .

Би ч яахав Очироогийн хийж буй ажлыг ихэд сонирхож буй дүр эсгэв. Ямар сураагүй биш.  Иймэрхүү үг ярианд уярна гэж лав байхгүй. Хат суусан илд шүү дээ.  Амгай маягтай. 

Уг нь би Очироогийн асрамжинд байгаа хүн. Очироо надад хоол унд хийх, ус түлээ дөхүүлэх гэхчилэн асрамжийн үйлчилгээ үзүүлнэ. Үүний төлөө сар бүр улсаас 80 мянган орчим төгрөг авна.

Гэхдээ миний дэргэд байхаасаа байхгүй нь их. Сардаа барааг нь 2-3 хоног харвал дээдийн заяа тэр. Бүр аргаа бараад асрамжлагчаа өөрчлөх солих боломж байна уу гэж асууж лавлаж хүртэл үзсэн. Болзол, нөхцөлтэй нь танилцаад үзтэл надад Очироогоос өөр сонголт байхгүй маягтай болсон доо. Одоо яая гэхэв. Хувь тавилантайгаа эвлэрэхээс. 

Очироо бид хоёр хоорондоо бараг таарахгүй. Хааяа нэг таарахаараа яриа хөөрөө үүсгээд байна гэж байхгүй. - Юу байна? -Юмгүй ээ гэсхийгээд яриа өндөрлөнө.  Тэгээд л тус тусын ажлаа хөөнө  Бөөн завгүй амьтад. Иймэрхүү маягаар амьд мэнд яваагаа дуулгана.

Хааяа нэг салхилахаар хамтдаа ууланд гарна. Тэр үеэр ярилцах цаг гарна. Хаана юу хийж явна гэхчилэн ажил төрлөө хуучилна. Найман сарын дундуур Сэлх хавиар эргэлдэж байхдаа Хөөрхөн Бөмбөг гэх гэр бүлийн амралтын газраар дайрсан санагдаж байна. 

Гэнэтхэн л Очироо ирээдүйн том том сүрхий төлөвлөгөө яриад эхлэнэ. Тэгээд ирэхээрээ л но-той. Иймэрхүү зүйл ярьсны дараа хэсэгтээ усанд хаясан чулуу шиг сураггүй алга болох нь лавтай. Найз нөхөд, ажил төрөл хаашаа ч утасдаад нэмэргүй. Хаана юу хийж явааг хэн ч таашгүй. 

 

Энэ удаа бас л мундаг программ бичиж байна л гэж байна. Эсвэл бичих гэж байгаа ч юмуу. Бас хаашаа алга болох гэж байгаа нөхөр юм бол?  Нэг л юм сэдээд байна уу даа. 

Миний Очироод захьж хэлдэг ганц нэг үг бий.  Жишээлбэл, хүнд битгий таалагдах гэж амьдар гэх мэт. Ийм мэх ганц нэг удаа аминд орж болно. Гэхдээ нэг мэхээ олон дахин давтаад байвал сүүлдээ улиг болно, хүмүүс дайжина. Анзаараад байхад, хүмүүс ийм мэхэнд унаад байна, би бусдын арга эвийг олоод чадаад байна гэх мэдрэмж төрж байж мэдэх юм. хүний сиймхийг гярхай хараад хожоод байна гэх бардамнал төрөх хандлага байна.  Хожиж биш хожигдож тоглож сурах хэрэгтэй, хол зам туулахад хожигдох нь илүү ашигтай хувилбар гэдэг ч юмуу. Шатраар бол бод шидэх маягтай.  Ухаандаа монгол улс улс төрийн тавцан дээр ямагт хожигдлын нүүдэл хийдэг хэрнээ эцсийн үр дүн нь ямагт хожоотой гардаг байх жишээний.  

Намайг заавал дага, үлгэр дуурайлал ав гэж би ятгахгүй, албадахгүй гэхдээ санаж сэрэх, сүйхээ самбаа гаргах сэдэл өгөх үүднээс би иймэрхүү зүйл хэлээд байгаа хэрэг. Өөрөө бодож үзнэ биз. Ойлгохгүй зүйл байвал надаас бас зөвлөгөө авч болно шүү дээ.  Мэдээж ажил үйлс нь хазайсан үл бүтэх этгээдийг хэн даган дуурайхыг хүсэх билээ? Үргэх нь ойлгомжтой. Гэхдээ энэ бүх бүтэлгүйтлийн цаана ямар айхтар суу заль нуугдаж байгааг хэрхэн мэдэх билээ? 

 

    

 

How do you rate this article?

0



Poseidon
Poseidon

Personal diary

Publish0x

Send a $0.01 microtip in crypto to the author, and earn yourself as you read!

20% to author / 80% to me.
We pay the tips from our rewards pool.

Page not displaying correctly?