Хайрт хүү минээ,
Уг нь би чамтай зуслангийн байрныхаа номын санд тухлан сууж чиний ээжийн захиас, даалгаврыг биелүүлэн манай БамбарУуш гүрэн хэрхэн Мөнгөн Дөл болон мандан бадарсан их үүх түүхийн тухай чамд ярьж өгөх учиртай гэдгийг гүнээ ухаарна, гэвч ажлын их ачааллын улмаас яг одоо Кремийн хойг руу явах аргагүй болоод байна. Иймийн учир, чиний зайлшгүй мэдэх ёстой түүхийн сувдан хэлхээний товч тэмдэглэлийг энэхүү захиандаа шидэт толь болгон илгээлээ, харин чи энэхүү шидэт толинд харагдах галт могойн талаар сайтар эргэцүүлэн бодоод над руу яг долоон сумыг асуулт болгон харвагтун хэмээн үнэн сэтгэлээс хүснэ.
Хайрт хүү минь, он цагийн тэртээ манай эзэнт гүрэн зүсэн зүйлийн дайснаар хүрээлүүлэн Европ тивийн алга дарам харанхуй бөглүү хязгаар нутагт оршин байлаа. Герман, Түрэг, Бритон, Швед, Испани гээд бүгд л биднийг байнга дээрэлхэнэ. Гэвч дорнын тэнгэрт гийсэн үүрийн цолмон авралын гараа сунган, Сибирийн их тайгыг нэвтлэн бүхий л хойд Ази руу нэвтрэх их аяны харгуй дардан замыг бидний өмнө нээж өгсөн юм. Газар нутаг өргөжин тэлж ирээдүй маань өөдрөг гэрэлтэй болсон хэдий ч бидний зам үүгээр хязгаарлагдах учиргүй, хаа хүрэхийг тэнгэр өөрөө мэдтүгэй хэмээн бид аяллын замаа цааш үргэлжлүүлсэн билээ.
Тэнгэр өршөөн соёрхсноор, бидний явах замд хоёр том ан таарав: нэг нь Хатад улс, харин нөгөө нэг нь Аляскийн хойг. 18, 19 дүгээр зууны үед Европт ид дэлгэрээд байсан цайны ургамлыг зөвхөн мөнгөн зоосоор борлуулдаг байсан Хятад улс Британийн эзэнт гүрнийг өвдөг сөхрөхөд хүргэсэн гэдгийг чи мэдвэл зохино. Хятадын эзэн хаан Британы эзэнт гүрнээс бараа авахгүй, зөвхөн мөнгөн зоос нэхэж байснаараа англичуудыг сүйрлийн ангал руу хөтөлсөн гэдэг. Удалгүй английн худалдаачид Хятадын далайн боомтууд дээр хар тамхины хориотой наймаа эрхлэн төлбөрийг мөнгөн зоос хэлбэрээр авах замаар худалдааны алдагдлаа тэнцэржүүлэх арга бодож олсон юм.
Чухам яг энэ эгзэгтэй цаг мөчид бид отолтоос гарч эрс шийдэмгий, түргэн шаламгай хөдөлсөн юм. Манай эзэн богд ЦАГААН ХУН тайж нэгэн уран арга сэдэн Хятадын эзэн хааны толгойг өөрийн гарт уургалан оруулаад, дараа нь хятадуудыг гар хөлөө болгон британичууд руу довтолсон юм. Британичууд үүнд шаралхан Хятад улс руу цэрэглэн орж өөрийн ноёрхолоо тогтоохыг санаархсан авч тэнгэрийн ивээлээр Франц улс бидний талд орсноор тэдний ямаан омог дарагдсан билээ. Ингэж бид Европ тивийн улс төрийн уур амьсгалыг жолоодох боломжтой хамгийн ашигтай наймаа болох цайны ургамлыг гартаа оруулаад зогсоогүй хожим хойно Ази тивийг бүхэлд нь хураан төвхнүүлэхэд хэрэг болох Хятадын сая, сая иргэдийг эрхшээлдээ оруулсан юм.
Аляск буюу тухайн үедээ нэрлэж байснаар "Оросын Аляск" бидэнд илүү их хишиг, буян хайрласан юм. Бидний тавьсан сум байндаа яг онож туссан гэдгийг хэлэх нь зүйтэй: Киргиз, Таджик, Узбек зэрэг Төв Азийн нүүдэлчин иргэдийг Америк руу нууцаар шургуулан сэм нутагшуулах ажлыг орос офицерууд гардан гүйцэтгэв. Тэдгээр нүүдэлчид зам харгуйгаа сайтар тандан их замын дээрэмчид, луйварчдаас займчин явсаар ямар ч гарз хохиролгүйгээр дорнод хязгаарт хүрчээ.
Мэдээж тэр цагт Америкийн Нэгдсэн Улс гэж байсан, гэхдээ энэ нь ядарч туйлдсан Британийн эзэнт гүрнээс туурга тусгаарлаад удаагүй, нэгдсэн нэг удирдлагагүй, эмх цэгцээр маруухан оргуул, босуул, тэнүүлчдийн эв хавгүй цуглуулга байлаа. Удалгүй ёс жудаггүй анархистуудын гэм биш зан болсон хойно тэд өвөр дотроо эвдрэлцэн өмнөд нь умардаасаа өрх тусгаарлах гэж зүтгэснээр дайн эхэлсэн юм. Бид тэдний аль алинтай нь найрсаг харьцаа тогтоон тэднийг өөр хоорондоо хэрхэн цусаа гартал үзэлцэн тамир тэнхээгээ барахыг нь хөндлөнгөөс ажиглан харж байв. Удаан өнгөрсөн таван жилийн дараа, бид олны гайхшралыг төрүүлсэн эрс шийдэмгий ажиллагаа явуулсан юм. Өмнөдийнхөн хүчин мөхөсдөж ялагдлаа хүлээх тэр мөчид бид түрэмгийлэгчдийн цэргийг хялбархан буулган авч өөрийн дэглэмийг тогтоож чадав. Америкийн балмад анархистууд бидний замд хөндөлсөж чадалгүй, хэдхэн сарын дотор нийслэл Вашингтон хотоо алдсан билээ.
Мэдээж энэ бүхэн Европын бусад хүчинд огт таалагдсангүй. Британичууд бидний эсрэг шүд зуун, манай холбоотнуудад дарамт шахалт үзүүлж эхлэв. Дайн болох ч хаяанд ирлээ, гэвч азийн худалдааны эргэлтэнд тогтоосон бидний ноёрхол, Хабсбург болон Франц ноёдын хаяагаа манасан шийдэмгий бус байдал биднийг аварсан юм. Эцсийн дүндээ, Британи, Пруссчүүд ганцаардан, өргөн уудам Орос эх орны агуу сүр хүчний өмнө хүчин мөхөсдөхөө ухааран мухардалд орлоо. Орос орон дэлхий биш гэж үү? Дэлхийг хэрхэн дийлэх билээ?
Гэсэн хэдий ч бид өөрсдийн хүчинд эрдсэнгүй, Канад хэмээн нэрлэгдэх Хойд Америкт төвхнөн суурьших боломжийг бид британичуудад олгосон юм. Бид түүнчлэн энэхүү хойд зүгийн эзэмшил нутаг руу анархистуудын шилжин суурьшихад нь саад учруулсангүй, харин Хүчтэнүүд уур ундууцлаа хойш тавин өөрсдийн дуртай ажил болох мөнгө хүүлэх ажилдаа улайран орцгоосон юм.
1800 он гэхэд өмнө зүгийн Мексикээс авахуулан хойд зүгийн Канад хүртэл үргэлжлэх Хойд Америкийн бүх эзэмшил газар бидний бүрэн хяналтанд орсон юм: Бид өөрсдийн шинэ гар хөл болох Америкчуудаар далайлган Канадчуудыг буулган авлаа. 20 жилийн дараа гэхэд бид Карибийн тэнгист ноёрхлоо тогтоон, үүнийхээ хажуугаар Хятад гар хөлөө ашиглан Зүүн Өмнөд Азид Францчуудыг намнаж эхэлсэн юм.
Олон жилийн тэртээ дэлхийн бүх дайн Европоор дуусна хэмээн манай удирдагчид зөгнөн хэлж байсан нь биелэлээ олж бид ч гараа хумхин зүгээр суугаагүй нь өгөөжөө өгсөн юм. Бид маш алсын хараатай ажиллаж байлаа: бид олз ашиг хайн замын ханьтай нөхөрлөхийг урьтал болгосонгүй, харин алс ирээдүйгээ бодон Габсбург болон Францийн ихэс дээдэстэй бат зузаан холбоо тогтоосон юм. 1855 онд Прусс, Британы хамтарсан цэргийн холбоо зальхай аргаар манай улс руу довтлон удалгүй Оттоманы арми тэдэнтэй нэгдэхэд, бид өөрсдийгөө ялагдашгүй гэдэгт бат итгэж байлаа. Харин аж үйлдвэрийн өндөр хөгжилтэй Пруссчууд бидний санаснаас хавьгүй хүчтэй гүрэн болохоо харуулж, бид эхний боломж олдмогц эргүүлж авах тооцоотойгоор Зүүн Европийн нэлээдгүй эзэмшил газраа тэдэнд алдсан юм. Берлинтэй энхийн гэрээ байгуулмагц, бид Оттомантай тооцоо бодохоор санаа шулуудан тэдний гүрнийг хэсэг, хэсгээр нь тасчин хаяж эдийн засгийн гүн гүнзгий уналтанд оруулсан билээ.
Британичууд цэргээ оруулах газах нутаг олдохгүй болмогц, далай тэнгис дээр дайн өдөөж, энэ салбарт биднээс хол давуу болохоо харуулсан юм. Манай үй олон хөлөг онгоцууд дэлхийн хаа сайгүй эвдрэн сүйрэв: Англичууд Хатад, Канадын дайнд ялагдсаныхаа өшөө хорслыг тайлахын тулд бидний эсрэг уурын хөдөлгүүр, орчин үеийн хүнд их буу ашигласан боловч энэ бүхэн тэдэнд тус болсонгүй, Ази тивд үргэлжилж байсан багавтар дайныг эс тооцвол, дэлхийн дайн үүгээр өндөрлөсөн билээ.
Өнгөц харахад энэ дайнаар бид хүчиндүүлсэн мэт харагдавч, үнэн хэрэгтээ бид тэднийг хүчиндсэн юм шүү: Ази тив, Хойд Америк дахь бидний эзэмшил нутаг анх удаа бүх нийтээр хүлээн зөвшөөрөгдөж, халдлага дайралтын үүд хаалга үүрд хаагдав.
Тэнгэрийн зам үнэхээрийн гайхалтай мэргэн ажээ! Манай эзэн богд Цагаан хаанд хөөгдөн Лондон болон британы бусад хотуудад цагаачлан гарсан хэрээдүүд ажилчин ангийг ихэс дээдэс рүү нь өдөөн турхирсан социализм хэмээх гүн ухаан сэдэж олжээ. Өөрийн газар нутагтаа ийм хир буртаг тархаасан арлын энэ гүрэн өөдлөх биш, уруудаж, дайны дараах хэдхэн жилийн дараа гэхэд арлын японоос ч сул дорой, өрөвдөлтэй орон болно гэдэгт би мөрийцөхөд ч бэлэн байна.
1865 оны энэ өдөр бол бидний Америкийн Нэгдсэн Улсыг ялсан баярын их ойн өдөр бөгөөд миний захиа бичиж буй яг энэхэн мөчид Миссисипийн хөндийг гэрэлтүүлсэн ёслолын их буудлага үргэлжилсээр байна. Үүр хаяарах цагаар морьдоо унан хотын гудамжаар баярын сүрлэг жагсаал хийхийг Гүн Борисович өөрийн казакуудад тушаасан тул би офицерууд дээрээ хурдан очихгүй бол болохгүй. Бидний сүр хүч, цог, жавхааг илтгэн далайн хөлөг онгоцноос галт бөмбөлгөөр мэндчилгээ дэвшүүлж, жанжин Брянски агаарын бөмбөлгөөр тэнгэрт гайхамшгийг харуулах болно.
Орос Эх орон бүх дэлхийг нөмрөн айсуй, энэ бол бүх дэлхийн зон олныг хураан төвхнүүлэх бидний их хувь зохиол юм шүү хүү минь. Тойгтныг сөхрүүлж, толгойтныг гудайлган бүх дэлхийг нэгэн тугийн дор нэгтгэн зангидах тэр агуу их эрин цаг ирнэ гэдэгт би итгэнэм. Энэ дайнд Британичууд ихэд сульдаж доройтсон бөгөөд хэрэв манай эзэн богд баатар Цагаан хаан аятай цагийг тааруулан Энэтхэг, түүний эргэн тойрны улс орныг эрхшээлдээ оруулахаар хөдлөх аваас тэдний Лондон дахь арчаагүй парламент ямар ч эсэргүүцэл үзүүлж чадахгүй болсон билээ. Тэр ч бүү хэл, тэднийг дайн зарлах аваас, хэрээдүүдийн шууд турхилтаар ард түмэн нь тэдний эсрэг жагсан босож улмаар ардчилал хэмээгч энэ нян эзэнт гүрний хоолой хэрчих хутга болон хувирсныг тэдний ардчилсан удирдагчид мэдрэх болно.
Дуслыг хураавал далай, дуулсныг хураавал эрДэм. Түнэр харанхуйг сөрөн, зүрхний хайрт Орос эх орноо АЛТАН ЗУЛ болгон асааж бид хувь тавилангаа олохоор урагш тэмүүлэх болно, бидний тавьсан үнэн алдрын зам үеийн үед үүрд мөнхрөн мөнхжих болтугай.
Галын Дөл Өөдөө.
Чин сэтгэлээс мэндчилсэн
Хайрт аав чинь
Миссисипийн хязгаар, 1865 он