Хөрсөн доор нойрсох Гүнж
1957-1987
1957
БНМАу-ын Засгийн газрын захиалгын дагуу Зөвлөлтийн геологич Я.Петрович Ханбогд суманд тандалтын ажлаар ирэв. Тэрээр ойр орчмын нутаг дэвсгэрийн 1:500000 масштабтай геологийн зургийг гаргаж, Оюу толгой орчмын газраас геологийн дээж цуглуулан судлаад “шаварлаг занар, элсэн чулуулагт зэсийн хүдэржилт байна” хэмээн тэмдэглэжээ.
1982
Мөн онд авсан 1:1,000,000 масштабтай сансрын зураг Ханбогд сумын орчимд томоохон хуйлрал хэлбэртэй геологийн формаци байгааг харуулж байв. Үүний дараагаар геологич Д. Гарамжав 30 км болон 14 км диаметртэй хуйлрал хэлбэрийн бүтцийг судалж үзээд газрын хэвлийд 20-30 км-ийн гүнд одоогоос 240 сая жилийн өмнө шүлтлэг боржингийн найрлагатай урсамтгай чанартай магмын голомт том нь нар зөв, жижиг нь нар буруу эргэж байгаад царцсан байж болохыг тогтоожээ.
1983
Д.Гарамжав, залуу геологич Э.Чагнаадоржийн хамт өмнөх жил нь илрүүлсэн формацийг судлахаар Ханбогд суманд очив. Ихэнх хүдрийн биет төвөө тойрч, хуйлрал үүсгэн оршдог учир тэд уг формацид гол анхаарлаа хандуулан ажиллажээ. Тэд сумын төвөөс 50 км зайд Оюу толгой гэдэг газар бий гэж нутгийн иргэдээс сонссоны дагуу тэнд очиж, хүдрийн биет байгааг илтгэх чулуулгийн хувирал болон чулуун дээрх ногоолин түрхцийг илрүүлэн зэсийн эрдэсжилт байгааг тэмдэглэжээ.
1987
1987-1989 оны хооронд оюу толгойд илүү нарийвчилсан зураглалын судалгаа хийжээ. Монголын талаас удирдан явуулсан геологийн экспедицийн үеэр геологич Э.Бүрэнхүү, А.Готовсүрэн нар 1:200,000 масштабтай геологийн зураглал хийж молибдений харьцангуй өндөр агуулга тэмдэглэсэн.
Өөрчлөлтийн Салхи
1990-1999
1990 оны 7-р сар
Монгол улс ардчилсан тогтолцоонд шилжив. Улмаар Монгол улсын геологийн мэдээлэл олон нийтэд нээлттэй боллоо. Энэ үеэс барууны компаниуд, олон улсын корпорациуд Монголын уул уурхайн салбарыг сонирхож эхлэв.
1995 оны 4-р сар
Монгол улсын төрийн өмчит “Эрдэнэт” үйлдвэр АНУ-ын “Магма Коппер” компанитай Монгол улсад зэсийн ордын хайгуул хийх "Эрдэнэт Магма" хамтарсан компани байгуулав.
1995 оны 5-р сар
“Эрдэнэт Магма” компанийн Ерөнхий менежер Сергей Дьяков Монгол оронд хайгуул хийж байсан туршлагатай геологичдоор хоёр баг бүрдүүлэв. Төрийн шагналт Г.Сандуйжаваар ахлуулсан экспедицийг Монгол орны баруун, өмнөд болон төв хэсэгт илгээжээ. Тус хоёр багийн бүрэлдэхүүнд Монголын талаас геологич Д. Гарамжав, Г.Жамсрандорж, Т.Мөнхбат, Ц.Цэнд-Аюуш, АНУ-аас Др. Деннис Кокс, Л.Ричардс болон ОХУ-аас В.И.Сотников нар багтсан юм.
Уг экспедиц зэсийн илрэлтэй олон газрыг тогтоосон боловч анхаарал татахуйц их нөөцтэй орд илрүүлсэнгүй.
1996 оны 7-р сар
Австралийн уул уурхайн аварга компани “Броукен Хилл Пропрайтери” (Би-Эйч-Пи) “Эрдэнэт Магма” компанийг худалдан авч, Монголд нэгэнт эхлүүлчихсэн хамтын ажиллагааны хамтарсан санхүүжилтийг үргэлжлүүлэн ажиллах саналыг “Эрдэнэт” үйлдвэрт тавьжээ. Тухайн үед “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирал байсан Ш.Отгонбилэг уг саналд татгалзсан хариу өгсөн учир “Би-Эйч-Пи” компани хамтарсан компанийг татан буулгажээ.
Ингээд бие даан ажиллахаар шийдсэн “Би-Эйч-Пи” компани өөрийн хөрөнгөөр Монголд төлөөлөгчийн газраа байгуулав.
1996 оны 9-р сар
“Би-Эйч-Пи” компани “Магма Коппер”-ын хайгуулын ажлыг үргэлжлүүлсэн боловч үр дүн муутай байлаа. Эцэст нь Монгол орны зүүн бүс нутагт судалгаа хийж байсан эрлийн багийг Д. Гарамжав дагуулан есдүгээр сарын 17-ны өдөр Оюу толгойд авчрав. Д.Гарамжав, Т.Мөнхбат, Деннис Кокс нар хамтран ажиллаж, Вандан толгой (оюу толгойн уурхайд орших, эдүгээ Төв Оюу хэмээн нэрлэх болсон толгой)-д зэсийн порфирын орд байх шинж тэмдэг байгааг тогтоожээ. Др. Деннис Коксын зөвлөмжөөр эдүгээ “Англо Американ Эксплорейшн” компанийн Хайгуулын менежерээр ажиллаж буй Сергей Дьяков уг талбайд хайгуул хийх тусгай зөвшөөрөл авахаар өргөдөл гаргав.
1997 оны 3-р сар
“Би-Эйч-Пи” компани Оюу толгой болон түүний ойр орчмын талбайд хайгуул хийх тусгай зөвшөөрөл авлаа. Оюу толгойн геологийн түүхэн мэдээллийг цуглуулж үзэхэд Вандан толгойд молибдений хамт ногоон өнгийн исэлдсэн зэсийн төрөл бүрийн эрдсүүд байв.
1997 оны 4-р сар
“Би-Эйч-Пи” компани дөрөвдүгээр сард анхны хайгуулын ажлаа эхэлж, албадмал туйлшрал (газрын гүнд буй эрдсийг илрүүлэхэд туслах цахилгаан соронзон хайгуул)-ын арга болон геологийн зураглал, байр зүйн зураглал, газрын соронзон орны зураглалыг гаргаж, тунамал хурдасны давхарга дороос цухуйсан дэвсгэр чулуулгийн гаршуудыг судалсан.
1997 оны 7-р сар
Өргөн хүрээтэй хайгуулын ажлын үр дүнд геологич Д.Гарамжав, С.Санждорж, Деннис Кокс, Т.Мөнхбат, Г.Оюун нар Өмнөд Оюугаас хэд хэдэн сонирхол татахуйц кварцын судал илрүүлжээ. Кварцын судланцрууд нь риолитын гаршуудын хооронд газрын гадарга дээр гарч ирсэн нь голдоо магнетитын нарийн зүрхэвчтэй байв. Д. Гарамжав үүнийг “Магнетитын судлууд алт агуулах хандлагатай байдаг. Тэгэхээр энэ риолитын гаршуудын хооронд алттай бүс байж болзошгүй” хэмээн тайлбарласнаар тэд уг талбайд гурван овоо босгож тэмдэглээд орхисон нь хожим “Алтан гурвалжин” хэмээгдэх болсон билээ.
1997 оны 9-р сар
1997 оны 9-р сарын 3-нд Оюу толгой - 001 цооногийг тавьснаас эхлэн эхний жил эрлийн багийнхан зургаан цооног өрөмдсөн юм. Д.Гарамжав нэг өрмийг нь “Алтан гурвалжин” дотор тавья гэсэн санал гаргажээ. Хожим 2001 онд яг энд тавьсан цооногийн өрөмдлөгөөр Баруун өмнөд Оюугийн орд газрын “зулайд” хүрсэн билээ.
1998 оны 4-р сар оюу толгойд хоёр дахь шатны өрөмдлөг эхэллээ. 17 цооног (нийт 3,000 уртааш метр) нэмж өрөмдсөний наймаас нь нааштай үр дүн гарав. Гэвч эдгээр цооногоос хангалттай хэмжээний эрдэсжилт илрээгүй учир “Би-Эйч-Пи” компани өрөмдлөгөө зогсоосон юм. Компани төслийг хянаж үзээд, 1999 онд өрөмдлөг, хайгуул нэмж хийхээр төлөвлөж байв.
1999 оны 3-р сар
Сергей Дьяков Торонтод болсон Төсөл санаачлагчид, хэрэгжүүлэгчдийн Канадын ассоциацаас зохион байгуулдаг чуулга уулзалт дээр Оюу толгойн хүдрийн дээж болон урьдчилсан судалгааг танилцуулсан нь олон улсын уул уурхайн салбарынханд Оюу толгойг анх таниулсан явдал болжээ.
1999 оны 5-р сар
“Би-Эйч-Пи” өмнийн говийн бүсэд 2,000 гаруй км зайг туулан агаарын соронзон тандалтын судалгаа хийжээ. Энэ нь "Би- Эйч-Пи" компани Монголоос гарах шийдвэр гаргах үед хийсэн сүүлчийн ажил юм. Үүгээр хэдэн арван жилийн өмнөх судалгааны зурагт тэмдэглэсэн соронзон шинж чанарыг баталсан байна. Геологич Д.Гарамжав, Т.Мөнхбат нар тайлал хийж, 23 цооног өрөмдөх цэгийг координатоор зааж өгсөн юм.
1999 оны 5-р сар
Хайгуулын хэт өндөр зардал, Азийн санхүүгийн хямралаас үүдэн санхүүгийн хүндрэлд орсон “Би-Эйч-Пи” компаниас “Оюу толгой” төсөл дээрээ хамтран ажиллахыг бусад компаниудад санал болгож эхлэв. Уг саналыг хэд хэдэн компани сонирхож үзсэний дотор Австралийн “Вэстерн Майнинг Корпорац”, Английн “Англо-Американ” компаниуд байв. Өөрийн төлөөлөгч Дуглас Кирвиний зөвлөмжид тулгуурлан Канадын “Индочайна гоулдфилдс” компани “Би-Эйч-Пи” компанитай хамтран ажиллах гэрээ хийж, ажилдаа оржээ
1999 оны 6-р сар
АНу-ын иргэн Роберт Фридландын 1994 онд байгуулж, 1996 онд хөрөнгийн биржид бүртгүүлсэн “Индочайна гоулдфилдс” компани зургадугаар сарын 18-ны өдөр нэрээ “Айвенхоу Майнз” болгож өөрчлөв. Тус компани Казахстан, Австрали, Хятад, Мьянмар болон Монгол улсад нүүрс, зэс, алтны орд газар эзэмшиж байв.
Ер бусын Нээлт
2000-2003
2000 оны 5-р сар
“Айвенхоу Майнз” компани Монголд анх “Геомандал” компанийн нэр дээр үйл ажиллагаа явуулж байлаа. “Би-Эйч-Пи” компанитай хамтран ажиллах гэрээ байгуулснаар “Айвенхоу Майнз” компани Оюу толгойн хайгуулын тусгай зөвшөөрлийн 98 хувийг эзэмших болов. Дуглас Кирвин “Би-Эйч-Пи” компанийн хэрэглэж байсан хоёр машин, хайгуулын багаж төхөөрөмж, хайгуулын ангийн 10 гэрийг худалдан авч, Оюу толгойд хийн үлээлттэй өрөмдлөг хийж эхлэв
2000 оны 9-р сар
“Айвенхоу Майнз Монголиа Инк” компанийг албан ёсоор байгуулж, Дуглас Кирвинийг Ерөнхий захирлаар томилов. Тэр жилийнхээ 6-9-р сард хайгуулын менежер Крис Вилсоны удирдлага дор нийт 8,828 уртааш метр 24-өөс 109 цооног хүртэл өрөмдсөн байна.
Уг ажлын үр дүн нааштай гарсан бөгөөд Төв болон Өмнөд Оюугийн ордоос зэсийн хоёрдогч баяжилтыг нэмж илрүүлжээ.
2001 оны 2-р сар Оюу толгойд хийсэн өрөмдлөгийн ажил болон геологийн мэдээллийг Канад руу “Айвенхоу Майнз” компанийн геологич Чарли Форстерт илгээж байв.
Тэрээр дээжийг шинжилж үзээд Вандан толгойд зэсийн хоёрдогч баяжилтын бүсэд 50 сая тонн хүдэр байна гэж тооцоолжээ.
Гэхдээ дэд бүтэц хөгжөөгүй, алс бөглүүд хязгаарт орших энэ ордыг ашиглахад үр өгөөж гарахгүй учир төслийг үр ашигтай байлгахын тулд илүү баялаг орд олох шаардлагатай байлаа. Вандан толгойгоос баруун өмнө зүгт 800 метрт байрлах 105 дугаар цооногт халькозины давхарга илэрсэн нь Ч.Форстерийн анхааралд өртсөний улмаас цооногийн эргэн тойронд эрдэсжилт хэр байгааг тодруулахыг зөвлөжээ.
2001 оны 2-р сар
Чарли Форстер, Австралийн геологич Дэвид Крэйн нар Оюу толгойд очив. Тэд 1997-2000 оны хооронд Оюу толгойд хийсэн хайгуулын ажлын мэдээлэлтэй танилцаад, шинээр баг бүрдүүлж, хайгуулаа үргэлжлүүлэхээр тогтжээ.
2001 оны 4-р сар
“Айвенхоу Майнз”-ын хайгуулын шинэ баг дөрөвдүгээр сарын сүүлчээр Оюу толгойд очиж, Баруун-өмнөд Оюу болон Өмнөд Оюугийн хооронд “Би-Эйч-Пи” компанийн өрөмдсөн 105 дугаар цооногт илэрсэн 20 метр зузаан халькозины давхаргын тархалтыг шалгахаас ажлаа эхэлсэн байна.
Гэхдээ тэр хавьд 10 гаруй цооног өрөмдсөн ч бага зэргийн хүдэржилтээс өөр зүйл олдоогүй аж.
2001 оны 5-р сар
“Айвенхоу Майнз” компани Д.Цэвээндорж, Д. Гарамжав нарын санаачилгаар археологийн анхны судалгааг өөрийн зардлаар хийлгэж эхэллээ. Судалгаагаар эртний хүмүүс амьдарч байсан ул мөр, хадны сүг зураг, 37 булш, чулуун байгууламж долоо болон эрт үед зэсийн хүдэр олборлож байсны ул мөр бүхий 11 ухмал олджээ.
Түүнчлэн төслийн талбайгаас 25 км зайд байрлах Зэлтэд мөн хоёр ухмал илэрчээ. Эдгээр ухмалыг чулуун зэвсгээр үйлдсэн байх учир чулуун зэвсгийн сүүл үе, хүрэл зэвсгийн эхэн үед хамаарах дурсгал болохыг археологичид тогтоожээ.
2001 оны 6-р сар
Чарли Форстер гурван газарт алмаазан өрөмдлөг хийхээр шийдэв. Өмнөд Оюугийн орой дээр 149, Төв Оюугийн хойд хэсэгт 159 дүгээр цооногийг өрөмдөхөөр зэхээд 150 дугаар цооногийг Баруун-өмнөд Оюугийн хаахна өрөмдөхийг Геологич Д.Гарамжаваас асуухад тэрээр “Алтан гурвалжин” дотор гэсэн санал гаргасан байна. Цооногуудын дээжийг Улаанбаатар руу шинжлүүлэхээр илгээлээ. Д.Гарамжав 2001 оны 6-р сарын 26-нд Оюу толгой - 158-р цооногийн дэргэдээс цутгуурын шанага олж, ирээдүйн металлургийн үйлдвэрийн бэлгэдэл /лого/ болох болтугай гэж бэлгэшээв.
2001 оны 6-р сар
2000 оны тавдугаар сараас эхлэн Оюу толгойн талбайд нийтдээ 120 орчим цооног өрөмдөөд дорвитой үр дүн гараагүй, цааш ажиллах төсөвгүй болоод байв. "Айвенхоу Майнз"-ын үүсгэн байгуулагч хийгээд захирал Роберт Фридландаас бусад удирдлага төслийг хаах шийдвэрт 2001 оны зургадугаар сард гарын үсэг зураад байлаа.
2001 оны 7-р сар
150 дугаар цооногийн дээжүүдийг шинжлэхэд 508 метрийн зузаантай, тонн тутамд 0.81 гр алт, 1.17 хувийн зэс агуулсан сульфид ихтэй эрдэсжилт илэрчээ.
Оюу толгойн анхны гүний цооног болох 150 дугаар цооногт хийсэн өрөмдлөгөөр алт, зэс, молибдений өндөр агууламжтай порфирын төрлийн хүдэржилттэй шинэ бүсийг нээсэн юм. Энэ нээлтийн эдийн засгийн өгөөжийн тооцоо өндөр байсан учир “Айвенхоу Майнз Монголиа” хайгуулын хөтөлбөрөө өргөжүүлж, өрмийн машиныхаа тоог нэмэхээр болов.
2002 оны 1-р сар
159 дүгээр цооногт мөн анхдагч хүдэр илэрснээр Оюу толгой асар том орд болох нь илэрхий болов.
“Айвенхоу Майнз” компани “ Оюу толгой” төслийг үргэлжлүүлэх зорилгоор олон улсын хөрөнгийн зах зээл дээрээс 15 сая ам.долларын хөрөнгө босгов.
2002 оны 2-р сар
“Айвенхоу Майнз” компанийн төлөөлөгч Дуглас Маккей, Ашигт малтмалын газрын дарга Д.Жаргалсайхан нар говийн бүсийн хөгжлийн асуудлаар Даланзадгадад болсон бага хурал дээр Оюу толгойн зэс, алтны ордын талаар анх дэлгэрэнгүй танилцуулжээ.
2002 оны 3-р сар Оюу толгойд байгаль орчны судалгаа явуулж эхэллээ.
2002 оны 5-р сар
Монгол улсын Ерөнхийлөгч Н.Багабанди говийн аймгуудад тав хоног томилолтоор ажиллах хугацаандаа тавдугаар сарын 24-ний өдөр Оюу толгойд очжээ. Тэрээр Монголын улс төр тогтворжиж, эдийн засгийн байдал сайжирч байгааг онцлоод "бүхнийг гадаадын хөрөнгө оруулагчдын хүсэл сонирхолд нийцүүлэх боломжгүй, Монгол улсын үндэсний эрх ашгийг тэргүүнд тавих болно" гэж мэдэгдэв.
2002 оны 6-р сар
“Айвенхоу Майнз” компани 2002 оны зун буюут нэлээд сунжирсан эрх зүйн маргааны эцэст “ Оюу толгой” төслийг 100 хувь эзэмших болов.
Оюу толгойн хайгуулын тусгай зөвшөөрлийг эзэмшиж байсан “БиЭйч-Пи” компани 1999 он гэхэд төслийн санхүүжилтээ зогсоож, улмаар хайгуулын тусгай зөвшөөрлөө “Айвенхоу Майнз” компанид таван сая ам.доллараар худалдсан байдаг. Чингэхдээ борлуулалтын хоёр хувийг өөртөө үлдээснийг “Айвенхоу Майнз” компани 37 сая ам.доллараар худалдан авчээ.
Роберт Фридландын дэлхийн уул уурхайн салбарт аз, од нь гийх эхлэл 1990-ээд онд Канадад 2.8 тэрбум ам.доллараар үнэлэгдэх нөөцтэй никелийн орд нээсэн үеэс тавигджээ. Түүний “Индочайна гоулдфилдс” компанийн төлөөлөгчид Монголд 1998 онд анх ирж, Оюу толгойн хайгуулын төсөл дээр “Би-Эйч- Пи” компанитай хамтран ажиллах болсон бөгөөд 2000 онд “Айвенхоу Майнз Монголиа” компанийг байгуулав. 2001 онд төслийнхөө зориулалтанд хязгаарлагдмал төсөвтэй үлдээд байсан Р.Фридландын хайгуулын баг 150 дахь цооногоо өрөмдөж зэс-алтны асар том хүдрийн биетийг илрүүлсэн нь уул уурхайн салбарын түүхэн дэх хамгийн том өрөмдлөг, хайгуулын ажлын эхлэл болсон билээ. Буддын шашинтай Р.Фридланд “Оюу толгой” төслийн талбайн орчимд байрлах Дэмчогийн хийдийг сэргээн засварлах ажилд хөрөнгө мөнгө харамгүй зарцуулжээ.
Тэрээр компанийнхаа хяналтын багцыг “Рио тинто”-д худалдсаны дараа 2012 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдөр Ерөнхий захирлын суудлаасаа буув.
Тус компанийн нэрийг хожим нь “Туркойз Хилл Ресурс” хэмээн өөрчлөв. Эдүгээ Р.Фридланд Африк дахь хайгуул, олборлолтын төслүүд дээр ажилласаар байна.