Poseidon

Шувуун Саарал


 

1974 оны намар миний бие Дархан хотын 10 жилийн 3 дугаар дунд сургуулийн 1а ангид элсэн орж билээ. Тухайн үед шинэ Дарханд өөр сургууль байсангүй. Гэтэл шинээр хорооллууд баригдаад байдаг. Хүүхдүүдийн тоо өсөөд байдаг.  Аргагүйн эрхэнд манай сургууль гурван ээлжээр хичээллэж эхлэв. Удалгүй 1976 онд 9 дүгээр бага  сургууль байгуулагдав. Нэг хичээлийн байранд хоёр сургууль зуузай холбон хичээллээ. 

Цэцэрлэгт байхдаа л би бичиг үсэгт тайлагдаж билээ. Миний дүү нар ч бас ялгаагүй. Тийм болохоор минутанд 170-180 үг уншиж ангийн уншлагын үнэмлэхүй аварга болон тодорсон юм. Миний араас ангийн дарга Оюун, Сүхбаатар, Баясаа нар минутанд 70-80 үг уншин айрагдаж байсныг санаж байна. Уншлага эхлэхэд би шууд л бөөн эрч хүчтэй уншиж эхлэн хурдаа огтхон ч саахгүйгээр бариа хүртэл дуржигнатал уншив. Гэтэл шөвгөрсөн бөх Оюун надаас бараг 100 үгээр хоцорч барианд орсон нь багшид үнэмшил муутай санагдсан бололтой. Уралдааныг дахин шинээр зохион байгуулав. Гэсэн хэдий ч би өрсөлдөгчөө бараа туруугүй хол хаян бас дахин тасархай түрүүллээ. Ямар ч эргэлзээ байхгүй.        

Уншлагаас гадна уншсан номын тэмдэглэл гэж хийдэг байлаа. Сургуулийн номын сангийн номуудыг уншиж дуусгаад дараа нь хотын хүүхдийн номын сангийн номуудыг уншиж дуусгав. Хүүхдийн номын сан нь кинотеатрын хоёр давхарт байрладаг байв. Кино театрын дотуур хаалга нь үргэлж нээлттэй байдаг байлаа. Ямар ч эзэнгүй. Тийм болохоор заримдаа үнэгүй кино үзчихнэ. Гадуур хаалга сэмхэн онгойлгон найз нартаа үнэгүй кино үзүүлэх тохиолдол ч бас бий.   

Тухайн үед уншсан номын тэмдэглэл шалгаад "Номын сайн нөхөр" гэх энгэрийн тэмдгээр мялаадаг байж билээ. Монголын зохиолчдын бүтээлээс гадна гадаадын уран зохиолууд бас уншина. Шадар гурван цэрэг, Гулливерын адал явдал, Монте Кристо гүн, Усан доогуур гучин мянган бээр аялсан нь гэх мэт. Бас араб үлгэрүүд. Мянга нэгэн шөнийн үлгэр гэх мэт. Эсвэл Алиса гайхамшигийн оронд, Гуталт Муур гэдэг ч юмуу.  Нисдэг хивс, хурдалдаг шаахай, үл үзэгдэгч малгай гэхчилэн бөөн уран сэтгэмж.  Гэхдээ Шүхэрч Буниа мэтийн өгүүлэл амьдралд арай ойр. 

Хүүхдийн номын санд уран зохиолын номоос гадна төрөл бүрийн сонин сэтгүүл дугаар дугаараараа үдээстэй байдаг байлаа. Бүр 1950-1960 оны Үнэн сонин болон Хөдөлмөр сонин зэргийг уншиж болно. Хуучны мэдээ уншихад бас сонирхолтой. Мөн орос сэтгүүл мэр сэр бий. Юный техник, Моделист конструктор, Квант гэх мэт.  Бүх дугаар байдаггүй нь жаахан тиймхэн.  Хорхой хүрэм гоё гоё нийтлэлтэй хэрнээ үргэлжлэл нь байхгүй. Ёстой ханилгаагүй.

Хорхойгоо дарахын тулд сургуулийнхаа нисэх дугуйланд элсэн орж билээ. Дугуйлангийн багш маань есдүгээр сургуулийн хөдөлмөрийн багш Алтангэрэл. Шавь нар нь дандаа манай гуравдугаар сургуулийнхан. Давааням, Энхтүвшин, манай ангийн Лхагваа гэх мэт. 1979 онд есдүгээр сургууль шинэ байрандаа нүүж ороход манай дугуйлан бас нүүсэн юм. Өдөр нь сургууль дээрээ хичээлээ хийнэ. Орой нь есдүгээр сургууль дээр дугуйландаа явна.   Тэр үеэр есдүгээр сургуулийн Алтансүх бидэн дээр бас нэмэгдэж орж байлаа. Алтансүхийн авъяас тэр үеэс л шууд тодорсон гэж хэлж болно. Уран жолоодлого сонирхоно. Спортын хүнд төрөл шүү дээ.  

Анх пуужин хийж хөөргөдөг байлаа. Дараа нь планер хийнэ. Англиар бол glider. Цогих гэсэн язгууртай. Цогино гэдэг нь дэгдэхтэй төстэй. Үнэг заримдаа тэгэж явдаг. Хэд хэдэн удаа цогьж яваа үнэгтэй таарсан. Тун додигор. Бас ихэмсэг.  Үнэхээр цоглог. Ус ууж цангаагаа тайлсны дараа цогьдог юм болов уу гэж санагдсан. Бичлэг хийсэн бол янзтай гоё бичлэг гарах байсан даа. 

Планерийн өөр нэг нэршил нь sailer ч билүү. Хөвөгч гэх маягтай. Эсвэл Сал ч юмуу. Зүүн Хараагийн хорихын хоригдлууд уулнаас мод бэлтгэхдээ цагаалсан модоо зэрэгцүүлж бэхлэн сал хийж голоор урсгадаг хэмээн багадаа сонсч байлаа. Манай байрны зарим хүүхдүүд Зүүн Хараад өвөө эмээ дээрээ очдог байсан. Тэр хавиас л гарсан яриа.  

Манай байрныхан Хараа гол хавиар өдрийг их өнгөрүүлнэ. Ихэнхи хүүхэд сэлэх дуртай. Харин би усан доогуур шумбах дуртай хүүхэд байж билээ. Амьсгаагаа түгжинэ. Бас нөөцөлсөн агаараар усан доор амьсгална. Ийм маягаар усан доогуур овоо хол зам туулна. Байрныхан маань намайг шувуун цээжтэй хэмээн магтах, муулахын завсраар дайруулан хөөрхөн явуулна. Энэ үгэнд нь би баярлах ёстой юу эсвэл уурлах ёстой юу? Ёстой бүү мэд.  Нэг тийм хар ч биш цагаан ч биш сааралдуу төрх. 

Хараа гол үерлэнэ гэдэг бидний хувьд том баяр. Эргээ хальж үерлэбэл бүр янзтай. Голын ус улаанаар эргэлдэн тун ч сүртэй. Харин бид ура хашгиран гол руу үсэрч орно. Ийм үеэр голын ёроол руу шумбан ёроолын чулуу шүүрэх тоглоом тоглоно. Гол нь амьсгалаа зөв хуваарилах ёстой. Хэрвээ хангалттай агаар нөөцөлж чадаагүй, дутуу амьсгал авсан гэж үзсэн тохиолдолд заавал ёроол хүрэх албагүй. Бие махбодь аяндаа хэлээд өгнө. Тэр үед нь зөрүүдэлж болохгүй. Шууд замаасаа ухран усны мандлын зүг дээш тэмүүлнэ.  Агаар ч дуусна, мандал ч ил гарна. Нэг сайн гүнзгий амьсгалж аваад доош шумбан биеэ суллаад дахин дээшээ гарна. Ямар ч нөхцөлд биеэ чангалж болохгүй. Сандарч болохгүй. Ус залгилсан ч хамаагүй. Биеэ заавал суллана. Тэгэж байж усны мандалд хөвж гарч ирэн амь аврагдана.  Иймэрхүү амь өрссөн эгзэгтэй тохиолдол нэг бус удаа тохиолдож л байлаа. Бас амиа алдсан хүүхдүүд ч бий. 

Хамгийн сайн сэлдэг, мундаг хүүхдүүд л голдуу эрсдэнэ.  Хэтэрхий бардсны гай байж мэднэ. Улаанаар эргэлдсэн гол дотор юу ч таарч болно шүү дээ. Юу ч харагдахгүй. Юу ч мэдэгдэхгүй. Нэг удаа миний хөлд бургас таарсныг санаж байна. Хөлд нэг юм орооцолдох шиг болсон.  Нэг тийм шигүү мөчирнүүд. Үндсээрээ булга татагдсан бургас гэж санагдсан. Тэгснээ намайг шууд голын ёроол руу угз татсан. Юу ч бодох завдал өгөөгүй. Би тэр даруй биеэ суллан мандал дээр гарч ирэн нэг сайн гүнзгий амьсгаа аваад ёроол руу шумбан хөлд орооцолдсон бургаснаас мултарч байж билээ. Биеэ суллана гэдэг миний хувьд бараг рефлекс шахуу болсон дадал. Ус ч бас залгилсан. Ямар сураагүй биш.  Хамгийн гол нь тайван байх чухал.  Сандрах л юм бол дуусаа.  Үхэх нь гарцаагүй. 

Тэгэхлээр мэдлэгээс гадна туршлага гэж зүйл хүнд зайлшгүй хэрэгтэй ажээ. Хэрвээ мэдлэг байгаад туршлага байхгүй байсан бол надад юу тохиолдож болох байсныг төсөөлөгтүн. Хангалттай туршлага гэдэг цаг хугацаа шаардсан амаргүй даваа. Үхэл амьдралын зааг хэдхэн секундээр хэмжигдэх эгзэгтэй мөчид хэн нэгэн ирнэ, туслана, аварна гэж саналтгүй. Зөвхөн өөртөө найдахаас өөр замгүй. Туршлага гэх хараа чухам ийм үед л аминд орно.  

Хараа бол нүдний онцлог гэж бид боддог. Гэхдээ заавал тийм байх албагүй. Хараа нь нүдэнд биш гарт шилжин байрлаж бас болно. Жишээлбэл шоргоолж бол нүдгүй сохор амьтан. Гэхдээ тэмтрүүлтэй. Тэмтрүүл нь гартай төстэй. Юмыг барьж тэмтэрч имэрч харна.  Зарим тохиолдолд ингэж харах нь махан нүдээр харахаас ч дээр байж мэднэ. 

Улаанаар эргэлдсэн гол гэдэг түнэр харанхуй шөнө л гэсэн үг. Нүдээ яаж ч томруулаад нэмэргүй. Юу ч үзэгдэхгүй, юу ч харагдахгүй.  Голын ёроол руу шумбалаа гэхэд юу ч мэдэгдэхгүй. Голын ёроол ойртож байна уу эсвэл хол байна уу, бүү мэд. Ямар ч баримжаа байхгүй. Нүд бол сохор гэсэн үг. Цорын ганц баримжаа бол агаарын нөөц. Уушгинд нөөцөлсөн агаар талдаа орсон уу, үлдсэн тал нь усны мандалд хүрэхэд хүрэлцэх үү гэсэн тооцоо. Ийм тооцоог тэр бүр бодож төлөвлөнө гэж байхгүй. Тархи ажиллахгүй гэсэн үг. Ийм үед тэмтрэх үүргийг бие махбодь гүйцэтгэнэ. Ухаандаа голын ёроол руу гэнэт татагдан орлоо гэхэд биемахбодь маань автоматаар удирдлагыг гартаа авч бүх булчингаа суллан усны мандал руу хөвж гарч ирнэ. Удаан хугацааны сургуулилтын дараа ийм дадал хэвшил сууна. Ийм дадал нь хамгийн хүнд хэцүү нөхцөлд харааг орлох  бүрэн боломжтой гэж хэлж болох байх. Надад л лав тэгэж санагдсан.    

How do you rate this article?

0



Poseidon
Poseidon

Personal diary

Publish0x

Send a $0.01 microtip in crypto to the author, and earn yourself as you read!

20% to author / 80% to me.
We pay the tips from our rewards pool.

Page not displaying correctly?