Neosify - Buy, Stake & Earn Crypto
Neosify - Buy, Stake & Earn Crypto
Neosify - Buy, Stake & Earn Crypto

Дүрсгүйтэл

By erka | Maral | 13 Mar 2021


1972 онд манайх нийслэлээс Дархан хотод нүүж ирэв. Эхлээд би 3-р цэцэрлэгт, дараа нь 1974 онд 3-р сургуульд орлоо. Сургуульд орохын өмнө Ховд аймгийн Манхан сум руу өвөөгийнхөө гэрт зусахаар хүнд дайгдан ганцаараа явсан санагдана. Буцахдаа онгоцоор явахад хүүхдийн тасалбар авч байснаа тод санаж байна. Тэр цагаас хойш бараг 50 жил өнгөрчээ. 

Манхан сумын нутагт Гоо Хайрхан гэх өндөр уул бий. Бид Гоогийн нуруу гэж дуудна. Энэ уул гурван хайсаараа алдартай. Хайс буюу тогоо нь нууртай. Нуур нь хөлгүй гэлцнэ. Их л гүнзгий бололтой. Өвөөгийн өвөлжөө, хаваржаа, намаржаа Гоогийн нуруу тойрч байрлана.

Уулын тогтоц нь Тэрэлжтэй төстэй. Мэлхий хад шиг өвөрмөц хэлбэртэй хад чулуу ихтэй. Тэр хаднууд дээр очиж авирч тоглоно. Хад болгон нэртэй. Онгоц, машин, танк гэхчилэн миний өгсөн нэрс.  Ер нь над шиг хад чулуунд авирах хүүхэд бараг үгүй.

Хаданд авирч тоглохоос гадна айлын хүүхдүүдтэй чулуугаар айл гэр болж тоглоно.  Хөдөөний хүүхдүүийн сэтгэлгээ ерөнхийдөө л мал аж ахуйтай холбоотой. Харин хотын миний сэтгэлгээ арай өөр. Хотод чулуугаар байлдаж тоглодог шигээ сэтгэнэ. Ядаж л чоно, ирвэс, бүргэд гэдэг ч юмуу. Тэгэхлээр айл гэр болж тоглох үйл явц нэлээд ширүүн өрнөлтэй болно гэсэн үг.

Аав бол адуу малдаа явахаас гадна ан авд мордох жишээтэй. Анд мордохдоо заавал морь унах албагүй. Машин, мотоцикл, онгоц юу ч хөлөглөж мэднэ. Үүнээс болж хүүхдүүдтэй маргана. Чулуугаа булаацалдана. Энэ чулуу бол морь гэнэ. Харин би болохоор, үгүй наад чулуу чинь машин, харин машин бол ингэж явахгүй гэдэг ч юмуу. Энд байсан миний мотоцикл хаачив? Үгүй наадах чинь манай бух гэх мэт.

Ингэж чулуугаар наадах нь хүүхдийн чөлөөт сэтгэлгээг их хөгжүүлж байсан болов уу. Хотын хүүхдүүдийн тоглоом бол тодорхой дүрстэй. Машин, мотоцикл, онгоц, хүүхэлдэй гэх мэт. Харахад ойлгомжтой, тодорхой. Гэхдээ сэтгэлгээ нь тодорхой дүрсэнд баригдмал, хүлэгдмэл. Харин чулуу бол өөр. Чулууг юу ч гэж дотроо төсөөлж болно.

Чулуу бол хаа сайгүй. Тийм болохоор, онгоц, машин гэхчилэн ямар нэгэн дүрс булаалдах магадлал бага. Хотын хүүхдүүд гоё сайхныг нүдэнд харагдаж буй дүрсээр төсөөлөх бол бид сэтгэлд ургуулсан дүрээр төсөөлнө. Дүрийг сэтгэлдээ яаж л бол яаж хувиргаж өөрчилж болно.

Чулуу хязгааргүй. Дүр хязгааргүй. Тиймээс бидэнд дутагдах, гачигдах зүйл гэж ер үгүй. Хотын хүүхдүүд шиг тоглоомоо булаалдаж уйлаан майлаан болох нь бага.

Нэг гэм нь томчууд биднийг ойлгохгүй. Бид уг нь тугал маллах албатай. Чулуугаар наадахдаа янз бүрийн шинэ санаа туршдаг шигээ тугал хариулахдаа элдвийн шинэ арга турших гээд бүтэлгүйтнэ. Аминдаа ажлаа хөнгөвчлөх, хялбарчлах гэсэн санаа. Үүнээс болж байнга банга хүртэнэ. Болох бүтэхгүй хамаг хэргийн эзэн нь голдуу би болж таарна. Надаас өөр ингэж хамаагүй дураараа сэтгэж дүрсгүйтэх хэн байхав?

Тиймээс биднийг хашраахаар хөгшүүл мориор элдэж цулбуураар ороолгох боллоо гэхэд бай нь бусад хүүхдүүд биш, харин би байх нь тодорхой. Би хэд хэдэн удаа цулбуураар ороолгон туршлага суугаад хаагуур яаж зугтвал моринд гүйцэгдэхгүй байхав гэдгээ хүртэл тооцно. Намагархуу, бамбалзуур, дов сондуул ихтэй газраар зугтах жишээтэй. Ингэснээрээ хүмүүсийн дургүйг бүр ч их хүргэнэ. Миний юу хийхийг хэн ч таашгүй.

Би нутгийнхаа хамгийн дүрсгүй хүүхдээр тодорсон байх. Ширүүн урсгалт цэнгэг голын урсгал мэт ямагт хурц шинэ соргог санаа сэднэ. Ямар ч барьцгүй. Их л өвөрмөц хүүхэд байсан биз. Зуны амралтаа дуусгаад гэртээ харих үедээ би гэнэт учиргүй баяжснаа санадаг. Нутаг усныхаа айл бүрээр орж салах ёс гүйцэтгэхэд орсон айл бүхэн надад мөнгө төгрөг өгч мялааж билээ. 5, 10, 25, 50, 100 гээд бүх төрлийн мөнгөн дэвсгэрт надад байсныг тодхон санаж байна. Би бүгдийг нь нүдэлж цээжилж байлаа. Тухайн үед нэг хонь 25 төгрөгийн үнэтэй гэж хэлж байсан ч билүү. Бас онгоцны тасалбар 25 төгрөгийн үнэтэй байсан санагдана.

Ямартаа ч чулуу миний анхны эрдмийн уурхай байсныг ер мартдаггүй. Чөлөөт задгай сэтгэлгээ хөгжсний үрээр тоо тоолох, нэмэх, хасах үйлдлийг тун хурдан түвэггүй сурч билээ. Түүнчлэн гэртээ ирээд байрныхаа хүүхдээр пионер мад заалган шатрын ертөнцөд амжилттай хөл тавьсан. Нэгдүгээр ангид байхдаа л сургуулынхаа шатрын тэмцээнд орж бага насны (1-3 анги) ангиллыг алгасан дунд насны (4-8 анги) ангилалд хүч сорин бараг түрүүлэх шахсан юм. 

Дүрсгүйтнэ гэдэг нь хэмжээсийн тухай ойлголт. Нүүдэл суудал, алхаа гишгээгээ хэмжиж сурна гэсэн үг. Чулуу өрж айл гэр болж тоглохдоо гэрийнхээ голд мод хатган цагийн баримжаа гаргана. Заримдаа цагаа мартаад ажлаа алдах тохиолдол гарна. Үхэр мал хэзээ бэлчээрт гарах, хэзээ харихаа хүнээр заалгахгүй.  Тугал ч бас ялгаагүй.  Бүх ажил тогтсон цаг нартай.  Харин хүүхэд бид сиймхий ашиглан тугал маллахын зэрэгцээ өөрсдийн ажлыг давхар амжуулна. Хичээл цонхлоно гэдэгтэй төстэй. Боломж олдлоо гээд тэнэж явах хойгуур хариулж явсан тугалнууд маань айлын тугалтай нийлж бөөн хэрэг мандах нь ч бий.  Хэмжээ алдаж тооцоо буруу хийснээс тэр. 

 

 

 

How do you rate this article?

0



Maral
Maral

Вы, голубки ручные, вы, горлинки, птички поднебесные, скорей ко мне летите, чечевицу выбрать помогите!

Send a $0.01 microtip in crypto to the author, and earn yourself as you read!

20% to author / 80% to me.
We pay the tips from our rewards pool.